Баян-Өлгий аймгийн үерт автсан иргэдэд 552.5 сая төгрөгийн тусламж үзүүлээд байна

6a6655_04_x974.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан нар өнөөдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 10-нд болсон үерийн хохирлыг арилгах, сэргээн босгох ажиллагаа болон сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр “Баян-Өлгий аймгийн Өлгий суманд бол байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд  Засгийн газар, аймгийн Онцгой комисс, аж ахуйн нэгж, иргэд болон олон улсын байгууллагаас 552.5 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна.

Үерийн улмаас Өлгий сумын 1, 6, 9, 11, 13 багийн 160 гаруй айлын 700 орчим хүн нэрвэгдэж, 105 байшин нурсан. Мөн 70 байшин нурах магадлалтай байгаа юм.

DSC_6042

Тус өдөр Засгийн газрын нөөц сангаас 324.6 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал олгох шийдвэр гаргаж, энэ сарын 18-нд тээвэрлэн хүргүүлсэн. Тусламжид 175 сая төгрөгийн эсгий гэр, 93.3 сая төгрөгийн хоол хүнс, 3.4 сая төгрөгийн ариутгалын бодис багтсан. Өнөөдрийн байдлаар гамшгийн голомтыг ариутгах ажил дууссан. Бид гамшигт өртсөн хүмүүсийг хэвийн амьдралд нь хурдан оруулах тал дээр ажиллаж эхлээд байна. Энд гарсан нийт зардлыг өчигдөр болсон Засгийн газрын анхдугаар хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Түүнчлэн Ерөнхий сайд болон Шадар сайдаас бидэнд “Хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй” гэсэн үүрэг өгсөн. Тиймээс ОБЕГ нь цаашид уриалга гаргаж, ажиллаж эхэлсэн” хэмээн ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал онцлов.

Тэрбээр, “Үерийн улмаас Өлгий сумын 6 болон 9 багт 150-160 см гүн ус тогтсоныг 1500 метр суваг, 216 метр куб далан босгож цэвэрлэсэн. Орон гэргүй болсон 104 өрхөд зориулан Өлгий сумын ЗДТГ-аас 0.7 га газар шинээр олгож, эрчим хүчинд холбох ажлыг эхлүүлээд байна. Мөн 60 хүүхдийн гэр цэцэрлэг ажлуулж эхэлсэн. 29 өрхийн 107 хүнийг Дорнод Казахстаны салбар сургуулийн дотуур байр, 5 дугаар ахлах сургуулийн биеийн тамирын зааланд байрлуулсан.

Аймгийн Эрүүл мэндийн газар, МХГ, Зооноз өвчин судлалын төвтэй хамтран үер буусан хэсгийн хөрсний бохирдлыг цэвэрлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Түүнчлэн иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хараахан газар олгож амжаагүй байгаа иргэдийг хоол хүнс, орон байраар хангах ажлыг зохион байгуулж байна” хэмээв.

DSC_6016

Гамшигт нэрвэгдсэн өрхүүдэд олон улсын болон дотоодын аж ахуйн нэгж, иргэд тусламжийн гараа сунгаж буйг тэрбээр бас онцолсон юм.

Тухайлбал, “Сод Монгол” групп 31.5 сая, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас 12.3 сая, МУЗН-аас 7.5 сая, “S Outlets” дэлгүүр 15.4 сая, “Exclusive LLC” компани 2.5 сая төгрөгийн гэр, хувцас, хүнсний материалын тусламж үзүүлжээ.

Мөн УИХ-ын гишүүн А.Баделхан, Мурат нар 18.4 сая, Монголын мусылман шашны төв 2 сая, Казахстан улсад шилжин суурьшсан иргэд 12.5 сая, “Алтаншан” компани 1.2 сая төгрөгийн эд материал хандивласан байна.

Эдгээр тусламжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан санхүүжилт дээр нэмж тооцвол 552.5 сая болж байгаа юм.

Энэ сарын 15-17-нд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын уулзалтын үеэр БНКазУ-аас үерт автсан өрхүүдэд зориулан 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн бөгөөд одоогоор санхүүжилт орж ирээгүй байгаа юм. Санхүүжилт ирсэн тохиолдолд ОБЕГ-аас иргэдэд хүмүүнлэгийн тусламж тараах, хөрөнгийг зүй зохистой зарцуулж байгаа эсэхэд хяналт тавин ажиллах юм.

Түүнчлэн энэ зун бороо хур ихтэй байгаа тул хэд хэдэн аймагт үер буугаад юм. Тухайлбал, Завхан аймагт энэ сарын 25-26-нд үер бууж, 27 айл, Хөгжим бүжгийн коллеж, Тагнуулын хэлтэс, Халамжийн хэлтсийн байр усанд автсан. Аймгийн онцгой байдлын газар шуурхай арга хэмжээ авч, айлуудыг нүүлгэн шилжүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийсэн. Мөн энэ сарын 27-нд Эрдэнэт хотод үер буусан бөгөөд хохирол учраагүй байна. Тиймээс ард түмний үер усны аюулаас сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

scroll to top