Үер ус, гал түймэр зэрэг гамшигт өртөж амиа алдах эрсдэлд орсон иргэдийг хувь хүмүүс эр зориг, авхаалж самбаа гарган аварч байгаад ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал талархал илэрхийллээ.
Шадар сайд болон ОБЕГ-ын зүгээс байгалийн гамшгийн үед хүний амь аварсан иргэдийг “Шударга журам” медалиар шагнадаг болох чиглэлээр Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн байна. Уг саналыг Ерөнхийлөгч дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Т.Бадрал генерал онцлов.
Тэрбээр, “Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 11-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтай баг руу явж байсан 7 зорчигчтой Старикс маркийн 55-82 УБУ улсын дугаартай автомашин Тариат сумын Мөрөн багийн нутаг Чулуут голын Хүрмийн гармаар гарч байгаад усанд суусан байна. Улмаар иргэд амиа алдах нөхцөл байдалд орсныг Чулуут сумын Мөрөн багийн иргэн, сумын харцага Л.Буяннэмэх аварчээ. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Жуух бичгээр шагнасан” гэлээ.