Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн зарим газраар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар, зүүн аймгуудын хойд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсэж 14-19 градус, Говийн бүс нутгаар 32-37 градус, сэрүүсэж зүүн аймгуудын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсэж 21-23 градус дулаан байна

Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 12, 13-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10, 13-нд  зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тийргийн хөндий” гэдэг газарт /бүдүүний гүүрний дэргэд/ иргэн Ч /39 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, 3 автомашин, ар гэрээс нь 10 иргэн, 3 автомашин, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж 2016.08.08-ны өдөр моторт завиар 20 км газрыг 2 удаа явж самналт хийсэн.

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт өгсөн. 2016.06.26-ны өдөр хүртэл 29  хоног эрэн хайх ажиллагааг хийж байгаад ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон боловч, 2016.08.08-ны өдөр усанд осолдсон Т-гийн эцэг Д-н хүсэлтээр дахин үргэлжлүүлж байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн Шар хад гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Монгол жуонли” жоншны уурхайн тогтоол усанд 2 хүүхэд осолдсон дуудлагыг 2016.08.08-ны өдрийн 00:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Г /16 настай, эрэгтэй/, А /15 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, Цагдаагийн хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан бүрэлдэхүүнд;

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Хүүшийн булан” гэдэг газар Дэлгэр мөрөн голын усанд нэр, хаяг, нас, хүйс нь тодорхой бус хүний цогцос байна гэсэн дуудлагыг 2016.08.08-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж Дэлгэрмөрөн голын уснаас цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 50 дугаар байрны 5 дугаар орц 8-173 тоотод айлын тагтнаас эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 2016.08.08-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн С /30 настай, эмэгтэй/ согтуу тагтан  дээрээс унах гэж байсныг Цагдаагийн алба хаагч нартай хамтран аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

 3. Аюулт үзэгдлийн талаар:

Үер: Увс аймгийн Улаангом сумын төвд хүчтэй аадар бороо орсны улмаас  Улаангом сумын 8 багийн 500 орчим айл өрх усанд автаж, 10 айлын гэр унаж, 15 орон сууц, 5 албан газар, аж ахуйн нэгж байгууллага, худалдаа үйлчилгээний 20 төв, 12 гарж усанд автсан мэдээллийг 2016.08.07-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 35 албан хаагч, 6 автомашин, Цагдаагийн газрын 45 албан хаагч, 4 автомашин, Хилийн цэргийн 0245 дугаар ангиас 20 албан хаагч, 4 автомашин, Төрийн захиргааны албан хаагч, байгууллага аж ахуй нэгж, ХХК-аас нийт 114 албан хаагч, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Гашууны гол дагуух 5 дугаар багийн 1 км газрын далан шуудууг сэргээн засварлах, усны голдрилыг өөрчилсөн. Нийт 5091 тн ус соруулж, зайлуулсан. Үерийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох, засварлах ажилд 1735 литр буюу 3.3 сая төгрөгийн шатах тослох материалыг зарцуулсан байна.

4. Ой, хээрийн түймэр: 

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн  багийн нутаг “Эрээн даваа” гэдэг газар /Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ 2016.07.31-ний өдөр хүлрийн түймрийн цурамнаас дахин түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.01-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 27 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 48 иргэн, 7 автомашин, нийт 75 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.08.07-ны 23.00 цагт;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нүхт”-ийн аманд Ой хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 2016.08.08-ны өдрийн 06:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, 2 автомашин, Дархан цаазад Богд Хан уулын  Байгаль орчны газраас 3 албан хаагч, 1 автомашин, “Ажнай” ХХК-ийн 17 албан хаагч, 2 автомашин нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 20:40 цагт түймрийг тус тус цурманд оруулсан.

5. Объектын гал түймэр: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор тосгоны “Булгачин”-ийн 8 дугаар гудамжийн 107/г тоотод иргэн Э-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.08-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Тоосгон”-ы 22 дугаар гудамжийн 1/а тоотод эзэнгүй айлын жорлон   шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.08-ны өдрийн 13:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хайрхан”-ы 7 дугаар гудамжийн  145 тоотод эзэн нь тодорхойгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.09-ний өдрийн 04:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын  Өгөөмөр багийн зүүн сугийн 8 дугаар гудамжийн 4 тоотод иргэн Л-н гэр шатаж байна 2016.08.08-ны өдрийн 20:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 44 дүгээр ангийн 4 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дорнод аймаг Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хүлэмж”-ийн 1 дүгээр гудамжийн 13 тоотод иргэн Х-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.08-ны өдрийн 21:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.

6. Тээврийн хэрэгслийн ослын талаар: 

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хэрлэн голын гүүр, чулуун карьер орох авто замын зорчих хэсэгт зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.08.08-ны өдрийн  19:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, “Портер” загварын автомашин, “Пробокс” загварын автомашинтай мөргөлдөн зорчиж явсан Э /50 настай, эмэгтэй/-г гарган хүнд, хөнгөн гэмтэж бэртсэн 7 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дүүргийн ЭМТ-д шилжүүлэн өгсөн

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top