Т.БААТАР: Аврагч хүн бол ард түмний хүү нь юм

1.jpg

“Аавыгаа аюулд орвол хүү нь амиа үл хайрлан аврахыг хичээнэ шүү дээ. Харин аврагч хүн бол таних, танихгүй, хөгшин, залуу гэж ялгалгүй ард түмнийхээ төлөө амиа ч хайрлалгүй аврахаар зүтгэдэг. Тийм учраас аврагч хүн гэдэг бол нэг аавын хүү биш нийт ард түмний хүү нь байдаг”.
Өөрийн ажил мэргэжлээр ийнхүү тодорхойлсон ард түмний хүү, Баянхонгор аймгийн онцгой байдлын газрын ахлах ахлагч Т.Баатартай “Аврагчийн хөрөг” буландаа ярилцлаа.
-Аврагч хүний онцлог юу вэ?
-Аврагч хүн гэж ард иргэд, нутаг орныхоо бүрэн бүтэн, амгалан тайван байдлын төлөө үргэлж бэлтгэгдэж, бие болоод сэтгэл зүйн хувьд бэлэн байдалд зогсож чаддаг хүнийг хэлнэ.
Аврагч хүн бусад хүмүүсийг бодвол тэвчээр хатуужлын хувьд арай илүү гэж боддог.
-Олон жил аврагч хийсэн хүний хувьд сэтгэлээс чинь гардаггүй “онцлох дуудлага” гэж байдаг л байх даа?
-Түйн голд Ланд-80 маркын машинтай хоёр иргэн үерт урсаж, машин нь далд орж байхад нь лүнкээр нь гарган авч байсан. Энэ ажиллагаа миний санаанаас гардаггүй юм. Яагаад гэвэл, тэр үед үүссэн нөхцөл байдал их хүнд байсан. Бид аврах хэрэгслэл дутмаг байсан болоод ч тэр үү өөрийн амиараа дэнчин тавиад л орсон. Одоо эргээд бодоход айдас хүрдэг шүү. Тиймээс аврагч хүний ажил их эрсдэлтэй. Гэхдээ бас бахархалтай.
-Онцгой байдлын албатай хувь заяагаа холбосон дурсамжаасаа хуваалцвал?
-2003 онд Гал түймэртэй тэмцэх алба гэж байхад нь орж байсан. Манай аймагт зохиогддог бүх төрлийн тэмцээн уралдаанд дандаа л гал түймэртэй тэмцэх албаны ах нар манлайлдаг байсан. Тэгээд тэднээс үлгэр дуурайлал авч энд л орж ажиллах юмсан гэж их мөрөөддөг байж билээ. Эргээд харахад би мөрөөдлөө биелүүлсэн. Яг л явах ёстой замаараа явж байгаа гэж боддог.

3
-Аврагч хүнд зайлшгүй байх ёстой зан чанар гэвэл. Мөн байх ёсгүй зан чанарын тухайд?
-Хамгийн түрүүнд аврагч хүн гэдэг төлөв даруу, богино хугацаанд оновчтой сэтгэдэг байх ёстой. Бид чинь бусдад үйлчилдэг хүмүүс. Тэр дундаа хүнд хэцүү нөхцөлд ажил маань явагддаг учир сэтгэл хөдлөлөө барьж чаддаг байх ёстой. Тэрнээс биш онц ноцтой дуудлага дээр оччихоод олныг дагаад үймрээд сандраад байх юм бол аврах биш авруулах
юм болно шүү дээ. Тиймээс өөрийнхөө болон өрөөлийн сэтгэл зүй болоод бие мах бодид санаа тавих, хянах, авран хамгаалахад анхаарлаа төвлөрүүлж, сэтгэлзүйн хувьд тогтвортой биеийн хөдөлгөөний хувьд түргэн шуурхай оновчтой байх ёстой. Аврагч хүнд байх ёсгүй зан бол дээр хэлсэнчлэн сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргах, сандрах, болхи удаан байх гэж бодож байна.
-Онцгой байдлын хувьд ажиллах нөхцөл байдал хэр хангагдсан гэж боддог вэ?
-2000 оны эхэн үеийг бодвол сайжирч байгаа гэж боддог. Багаж, техник, хэрэгслийн хувьд олон ажиллагаатай хүний ажлыг хөнгөвчилсөн олон сайхан багаж хэрэгслээр хангагдаж байна. Цаашдаа ч цаг үеэ дагаад улам боловсронгуй болж хугацаа хэмнэж, аврах ажиллагааг илүү хурдан хялбар хийх боломжтой болох байх гэж найдаж байна.
Харин манай хамт олны тухайд гэвэл улам бүр залуужиж улам бүр чадварлаг болж байгаа гэж боддог. Албан хаагчдынхаа амьдрах нөхцөл байдал, нийгмийн асуудлын талаар манай удирдлагууд их анхаарал тавьж ажилладаг. Алба хаагч бүрийнхээ ар гэр, аж амьдрал бүрийг анхаарч нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө байдаг. Би энэ сайхан хамт олны хүчээр л өдий зэрэгтэй ажиллаж амьдарч яваа. Манай байгууллагаас Шаргалжуут рашаан сувилалд аврагчдын нөхөн сэргээх амралтын байрыг барьж, ашиглалтанд оруулснаар албан хаагчид болон ахмадууд амарч сувилуулж байгаа.
Хүнд хэцүү нөхцөлд ажилладаг аврагч бидэнд жилдээ нэг сайхан цэнэг авах, нөхөн сэргээх эмчилгээ болчихдог. Мөн одоо Онцгой байдлын газрын 25 айлын орон сууцны барилга баригдаж байна. Түүнд би захиалгаа өгчихсөн.
-Таны бахархал?
-Хүн өөрт байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйлээ бахархал гэж нэрлэдэг байх гэж боддог. Миний бахархал бол миний гэр бүл, миний ажил. Миний хань Г.Оюунбилэг аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хагалгааны сувилагчаар ажилладаг. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд бас л тангараг өргөн зүтгэж яваа хүн. Бидний ажил хүнийг авран хамгаалах үйл явцаараа ижил болохоор бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Бид хоёр охин, хоёр хүүтэй өнөр өтгөн гэр бүл. Ажилдаа яарч ирдэг, гэр лүүгээ яарч харьдаг хүнийг жаргалтай хүн гэдэг гэж сонсож байсан. Би бол яг тэгдэг. Тэгэхээр би жаргалтай хүн байгаа биз? /инээв/
Миний амьдралтай салшгүй холбоотой бас нэг зүйл бол мэргэжлийн гал унтраах техникийн олон төрөлт спорт юм. Энэ спортоор уйгагүй хичээллэж, улс бүсийн аваргаас 30 гаруй медаль хүртэж, 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 37 настайдаа шалгарч, улсын шигшээ багт багтан Казакстан улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсын мастер гэдэг эрхэм цолыг хүртсэн.
-Хүний амьдралын хамгийн эрхэм зүйл таныхаар юу вэ?
-Гэр бүл. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эрүүл энх инээж баясах байдал, хүндлэл, хайр зэрэг нь эр хүнд бүхнийг хийж чадах юм шиг тийм их илч энерги өгдөг.

2

scroll to top