Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Ховд аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.                       

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 28-33 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 22-24 градус дулаан байна.                   

Төлөв байдал: 14, 16-нд нутгийн хойд, 15-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд зарим газраар, 16, 17-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Тийргийн хөндий” гэдэг газарт /бүдүүний гүүрний дэргэд/ иргэн Ч/39 настай, эрэгтэй/ усанд осолдсон гэсэн дуудлагыг 2016.08.03-ны өдрийн 21:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 2 автомашин, ар гэрээс нь 24 иргэн, 6 автомашин, нийт 34 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж 2016.08.12-ны өдөр моторт 3 завиар нийт 135 км усаар эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн.

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Эргэлийн-Ар” гэдэг газар Сэлэнгэ мөрний усанд иргэн Т /38 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.05.29-ний өдрийн 18:05 цагт өгсөн. 2016.06.26-ны өдөр хүртэл 29  хоног эрэн хайх ажиллагааг хийж байгаад ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон боловч, 2016.08.08-ны өдөр усанд осолдсон Т-гийн эцэг Д хүсэлтийг тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс нь 1 хүн, нийт 9 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг 3 өдөр зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 2016.08.12-ны өдрийн 09:00 цагаас ар гэрийн хүсэлтийн дагуу эрлийн ажиллагааг зогсоосон.

Усанд саатсан: Нийслэлийн Багануур дүүргийн Хөдөө хэсгийн “Дивизийн гарам” гэдэг газар Хэрлэн голын усанд “Кроун” загварын автомашинтай 4 иргэн усанд сууж урссан тухай дуудлагыг 2016.08.12-ны өдрийн 16:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Л /24 настай, эрэгтэй/, Д /21 настай, эмэгтэй/, Э /20 настай, эрэгтэй/, У /22 настай, эмэгтэй/ нарыг  автомашины хамт уснаас татаж гаргаж, аюулгүй болгосон.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчооны харалдаа зүүн талд Туул голд “Спринтер” загварын 7 иргэнтэй автомашин голд суусан тухай дуудлагыг 2016.08.12-ны өдрийн 22:38 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 7 иргэнийг автомашины хамт уснаас татаж гаргаж, аюулгүй болгосон.

Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн Яруугийн голд “Авдрантын гарам” гэдэг газар УАЗ-469 загварын, “Верна агсент” загварын автомашинууд усанд суусан дуудлагыг 2016.08.13-ны өдрийн 03:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 43 дугаар ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  татан гаргаж аюулгүй болгосон. 

3. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Дэрст толгой” гэдэг газар малчин Ч 11 үхэр 2016.07.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Хорт салст халуурал” өвчин болохыг тогтоож тус сумын Засаг даргын 2016.07.21-ний өдрийн А/61 дүгээр захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл нэмэгдээгүй, мал эрүүлжсэн тул тус сумын Засаг даргын 2016.08.12-ны өдрийн 368 дугаар захирамжаар;

Завхан аймгийн Тэс сумын Нислэг багийн Улаантолгойн гэдэг газар иргэн Э 2 тугалтай үхэр 2016.07.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй  хорогдсоныг дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд Цусан халдвар” өвчин болох нь тогтоож тус сумын Засаг даргын 2016.07.26-ны өдрийн А/49 дүгээр захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл нэмэгдээгүй, мал эрүүлжсэн тул тус сумын Засаг даргын 2016.08.08-ны өдрийн 51 дүгээр захирамжаар тус тус цуцалсан.

Үер: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт, Шанд, Уртын гол багийн нутаг дэвсгэрт 2016.08.10-ны өдрийн 09:40 цагаас 11:20 цаг хүртэлх хугацаанд хүчтэй усархаг бороо орсны улмаас үерийн далан хальж 57 айлын хашаа, 10 байшин, 3 гэр,  2 граж, жорлонгийн нүх усанд автсан гэсэн 9 удаагийн дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 3 автомашин, Хотын захирагчийн ажлын алба, хот тохижилтын алба 8 албан хаагч, 2 автомашин, нийт 32 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр сэтэрсэн, суваг шуудууг, сэргээн засварлаж ажилласан. 2016.08.12-ны өдөр Онцгой байдлын газрын 6 албан хаагч 3 автомашинтай, хот тохижуулахаас 1 хүн, ковштой нийт 7 хүн 4 техник хэрэгсэлтэй Даваат багийн замын дагуу 100 м газарт үерийн уснаас хамгаалсан шуудуу ухсан.

Усанд автсан: Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016.08.12-ны өдөр /орон нутгийн цагаар/ 20:30 цагаас 20:45 цагийн  хооронд бороо мөндөр холилдон орсны улмаас тус сумын 2, 3, 10 дугаар багуудын 15 айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 22:00 цагт тус хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах бүлгийн 5 албан хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, Аврах 31 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, нийт 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, 1 хүнсний дэлгүүрийн бараа материалыг зөөж аюулгүй болгосон.

3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Нуурын 4 дүгээр гудамжийн 6 тоотод амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.12-ны өдрийн 19:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Политекникийн коллежийн ногооны зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.13-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.

4.Тээврийн хэрэгслийн ослийн талаар:

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Дондогийн булаг“ гэдэг газраас баруун тийш 2 км-ийн зайд Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан “Прадо” загварын автомашин замын хажуу руу унасан байна гэсэн дуудлагыг 2016.08.12-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн жолооч Э /40 настай, эрэгтэй/  газар дээрээ, Б /4 настай, эрэгтэй/ замын машинаар хүргэгдэх замдаа тус тус нас барсан тул Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. С /21 настай, эрэгтэй/ нуруу нугас нь гэмтсэн байдалтай, Х /42 настай, эмэгтэй/, Д /40 настай, эмэгтэй/, О /16 настай, эрэгтэй/,  Х /6 настай, эрэгтэй/, Н /6 настай, эмэгтэй/ нар хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Нарийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 18 км/-т, төв зам дээр  “Вольво” загварын автомашин, “Соната-5” загварын автомашинтай мөргөлдсөн дуудлагыг 2016.08.12-ны өдрийн 23:45 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 40 дүгээр ангийн  5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Соната-5 загварын автомашинд явж байсан 2 иргэн газар дээрээ нас барж /нэр, нас нь тодорхойгүй/ машиндаа хавчуулагдсан байдалтай байсныг автомашинаас цогцсуудыг 00:50 цагт гарган, аймгийн Цагдаагийн ахмад М өгсөн.

  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top