Г.Ариунбуян: Засгийн газраас Баян-Өлгий аймагт 329 сая төгрөгийн тусламж хүргүүлсэн

ariunbuyan-darga.jpg

ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.АРИУНБУЯНТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Он гарсаар танай байгууллагад зөвхөн үер усны аюултай холбоотой хэчнээн дуудлага ирсэн бэ?

-2016 он гарсаар манайд ирсэн мэдээллээр 17 удаагийн үер болсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

Монгол оронд тохиолдож буй байгалийн үзэгдлийн нэг бол үер усны аюул болоод байна. Ялангуяа зуны улиралд их хэмжээний аадар бороо орж, зарим бүс нутагт хүндрэл учирдаг.

Энэ жил долоодугаар сарын 14-нөөс хойш буюу наадмын дараа дийлэнх нутгаар их халсныг эс тооцвол нийт нутгаар хүчтэй аадар бороо орсон.

Улмаар зарим бүс нутагт үерийн аюул нүүрлэлээ. Ялангуяа Баян-Өлгий, Увс, Орхон, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын зарим дүүрэгт үерийн аюул нүүрлэж, иргэд багагүй хохирол амслаа.

-Үерт автсан бүсэд нөхцөл байдал хэр байгаа вэ. Ялангуяа орон гэрээ алдсан өрхөд хэрхэн тусламж үзүүлж байна вэ?

-Үерийн хор уршгийг арилгах зорилгоор ОБЕГ болон тухайн аймаг, орон нутгийн онцгой комисс тодорхой арга хэмжээг  түргэн шуурхай авч ажиллаж байгаа.

Баян-Өлгий аймагт өнгөрсөн сарын 10-ны өдөр үер буусан. Үүнтэй холбогдуулан тухайн аймгийн онцгой комиссынхон тодорхой арга хэмжээ авч өнөөдрийн байдлаар бодит байдал харьцангуй тогтворжсон.

150 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй бүсэд суурьшуулсан. Тус аймагт Засгийн газар, иргэд, хөрш Казакстан улс, Олон улсын болон төрийн бус байгууллагуудаас хандив тусламжийн цуваа явуулж байна.

Үерт нэрвэгдсэн бүс нутгийн 360 гаруй айл өрхийн 1400 гаруй иргэнд тусламжийн бараа хүргэсэн.

Үерт нэрвэгдсэн бүсийн нурсан барилга байгууламжийг цэвэрлэх, хог хаягдлыг ариутгах үйл ажиллагааг хийж, 98 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа гэсэн мэдээллийг явуулсан.

Харин Увс аймагт болсон үерт 500 гаруй өрх, аж ахуйн нэгж байгууллага өртсөн.

22 айлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, нэг км орчим сэтэрсэн даланг засч, сайжруулах ажлыг хийж байна.

Эдгээр үерийн голомтод ОБЕГ-ын 380 гаруй алба хаагч, орон нутгийн цагдаагийн байгууллага, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, орон нутгийн иргэдийн хамт нийтдээ 450 хүн, 100 гаруй автомашинтайгаар ажилласан.

-Улсын төсвөөс хэчнээн төгрөг гаргасан бэ. Энэ нь улсын нөөцөд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Баян-Өлгий аймагг 2.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа.

Засгийн газраас 329 сая төгрөгийн тусламж буюу 70 ширхэг гэр, хүнс, бараа, ариутгалын бодис олгосон. Увс аймагт 1.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж тооцсон.

Аймгийн удирдлагаас 83 сая төгрөгийн ариутгалын бодис гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар бидэнд дэмжлэг туслалцаа авах хүсэлт ирүүлээгүй.

Тиймээс орон нутгийнхаа төвшинд асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж харж байна.

-Үерт автаж, ор сураггүй болсон иргэнийг олсон уу?

-Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд энэ сарын 3-ны өдөр осолдсон нэг иргэн, Булган аймгийн Хангал суманд өнгөрсөн тавдугаар сарын 29-ны өдөр осолдсон нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Булган аймагт осолдсон иргэнийг 29 хоног онцгой байдлын аврагчид эрэн хайсан ч олдоогүй. Гэвч ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажлыг үргэлжлүүлэхээр боллоо.

-Энэ он гарсаар усны ослоор хэчнээн иргэн амь насаа алдаад байна вэ?

-Усанд осолдох тохиолдол жил ирэх тусам өсч байна. Ялангуяа зуны улиралд усанд осолдох нь ихэсдэг.

2016 он гарсаар нийт 93 хүн усны ослоор амь насаа алдсан.

Үүний гуравны нэг буюу 31 нь хүүхэд байгаа юм.

Тиймээс эцэг, эхчүүд амралт зугаалгаар явахдаа насанд хүрээгүй хүүхдэдээ анхаарал тавих, баталгаатай зам, гарцаар гарах зэрэгт анхаарах хэрэггэй. Үерийн түвшин 80 зарим газарт 180 см хүртэл нэмэгдсэн.

Нөхцөл байдлыг онцгой байдлын газраас сэрэмжпүүлсээр байхад зам товчлох нэрийдлээр морь, автомашин, мотоцикльтой иргэд амь насаа алдах нь буурахгүй байгаа нь бидний сэтгэлийг маш ихээр эмзэглүүлж байна.

-Ослыг бууруулах талд онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэг өгөхөөс гадна ямар ажил хийж байна вэ?

-Онцгой байдлын байгууллагаас энэ сарын 5-наас 26-ны хооронд 21 хоногийн хугацаатай “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Төв орон нутгийн нэг ангиас өдөрт найман алба хаагч хамгийн эрсдэлтэй бүсээр завьт эргүүл зохион байгуулж байна. НОБГ, дүүргийн онцгой байдлын хэлтэс, аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүн Туул гол орчмын газарт, иргэд олноор осолддог гол нуурын ойр орчимд, гол мөрний дагуу эргүүл хийж, иргэдэд санамж, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

-Энэ өвөл хүйтний эрч чангарах төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэдээлээд буй. Хөдөө орон нутгийнхан хадлан тэжээлээ бэлтгэж эхэлсэн үү?

-2016-2017 оны өвөл нэлээн хатуу ширүүн, цас их унах магадлалтай гэж цаг уурын байгууллагаас бидэнд мэдээлж байна. Ялангуяа арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сард хүйтний эрч чангарах урьдчилсан таамаглал бий.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар аймаг орон нутгийн онцгой байдлын комисс, Засаг дарга нарт чиглэл өгч, тодорхой албан даалгаврыг хүргүүлсэн.

Аймгууд сум орон нутагтаа өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байгаагаа бидэнд мэдээлсэн. Бидний зүгээс энэ ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо.

-Зарим аймгийн хадлангийн бүсэд үер буусан гэсэн мэдээлэл байсан?

– Нийт нутгийн 80 гаруй хувьд зуншлага маш сайн байна.

Дорнод аймгийн Бян-Уул, Өмнөговь аймгийн Хүрмэн, Увс аймгийн Малчин, Цагаанхайрхан, Дорноговь аймгийн Иххэт суманд зуншлага тааруу байна. Мөн зарим аймаг, сумын хадлангийн бүс үерт өртсөнөөс хадлан тэжээл авах, ургац бэлдэхэд бага зэрэг хүндрэл учирч болзошгүй.

Гэсэн хэдий ч малчин айл өрх, сум орон нутгийнхан өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх талд онцгой анхаарна гэж найдаж байна.

-Өвлийн улиралд тохиолддог бас нэг асуудал зам даваа байдаг шүү дээ. Энэ талд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Тийм ээ. Өвлийн улиралд хүндэрдэг нэг асуудал бол зам давааны бэлэн байдал юм. Манайд нийтдээ 142 орчим зам, даваа, гүвээнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг.

Энэ талд зам тээврийн холбогдох болон мэргэжлийн байгууллага эртнээс бэлэн байдлаа хангаж, зам арчлалтын компаниудынхаа үйл ажиллагаа, хөрөнгө мөнгийг шийдвэрлэж ажиллах нь зүйтэй юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

scroll to top