“Хүмүүнлэгийн ажиллагаа ба олон төрлийн аюул” сэдэвт симфозиумд амжилттай оролцлоо

08-16.jpg

“Ази, номхон далайн орнуудын түншлэл хөтөлбөр”-ийн хүрээнд АНУ-ын Номхон далайн цэргийн командлал (US PACOM), АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Аляскын Үндэсний Гвард, АНУ-ын Хавай мужийн Холбооны гамшгаас хамгаалах сургалтын төв зэрэг байгууллагууд хамтран АНУ-ын Невада мужын Рено хотноо “Хүмүүнлэгийн ажиллагаа ба олон төрлийн аюул” сэдэвт симфозиум зохион байгууллаа.

АНУ, Вьетнам, Камбож, Индонез, Тайван, Тайланд, Тонга зэрэг Ази, номхон далайн орнуудын Засгийн газрын түвшний болон Зэвсэгт хүчин, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын орлогч дарга нар болон холбогдох албаны төлөөлөгчид оролцсон уг симфозиумд Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг болон  Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Ванчинхүү нар амжилттай оролцлоо.

Симфозиумд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн үндсэн үйл ажиллагаа, санхүүжилт, олон улсын түвшинд хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн тусламж, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, оролцогч улсуудын гамшиг ослын онцлог, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, цэргийн байгууллагын оролцоо чиглэлээр илтгэл хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Монгол Улсын төлөөлөгчдийн хувьд “Монгол Улсад тохиолдож буй гамшиг, зуд, түүний үр дагавар, туршлага, сургамж” гэсэн сэдвээр илтгэл бэлтгэн хэлэлцүүлсэн байна. Мөн энэ үеэр АНУ-ын олон улсад гамшгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлага, хууль эрхзүйн зохицуулалт, удирдлагын бүтэц, зохион байгуулалт болон олон улсын туршлага, цаашдын хандлагын талаар танилцуулсан байна

Тус симфозиум нь АНУ-ын цэрэг, иргэний байгууллагаас Ази, номхон далайн орнуудад гамшгийн үед цэрэг, хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэх боломжийг эрэлхийлэх, цаашид энэ талаар хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Цаашид АНУ-ын Номхон далайн цэргийн командлалаас дээрх сургалт, симфозиумыг 2017 онд хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд бус нутгийн орнуудын төлөөллийг тогтмол оролцуулж байхаар болжээ.

scroll to top