Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Биокомбинат ТӨҮГ-ын удирдлага, холбогдох албаны хүмүүс энэ сарын 15-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд гоц халдварт хонины цэцэг болон шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд ямар түвшинд байгааг танилцууллаа.
Өнгөрсөн 07 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж улмаар нэг голомтод 6 малчин өрхийн 151 толгой үхэр шүлхийгээр өвчилжээ. Үүнээс 16 үхрийг зориудаар устгаж, нэг үхрийг нядалсан гэнэ.
Өвчний голомт Дорноговь, Төв, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн заагт байгаа учраас ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, вакциныг Говьсүмбэр, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлж, нийт 145.0 мянган малд хоёр удаагийн вакцин тарьж уг өвчний гаралт тархалтыг зогсоогоод байгаа юм.
Харин 2015 оны 01 дүгээр сараас гарч эхэлсэн хонины цэцэг өвчний тархалт одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байна. Хонины цэцэг өвчин Дорнод, Дорноговь, Дундговь, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн 8 суманд өвчний голомт бүртгэгдэж, холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналтдаа авч, ариутгал, халдваргүйтгэл, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.