Гал түймрээс 279 хүний амийг аварчээ

55555555.jpg

2016 оны эхний 8 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2625 удаа гарч, 6,0 тэрбум төгрөгийн хохирол учирч, 23 хүн нас барж, 25 хүн түлэгдэж гэмтэн 97 толгой мал хорогдож, 1072 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 279 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 22,9 хувиар, учирсан хохирлын хэмжээ 20,7 хувиар тус тус буурчээ.

Нийслэл хотод нийт 1755 удаагийн гал түймэр гарч, 2,9 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 870 удаагийн гал түймэр гарч, 2,1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

gal

Харин улсын хэмжээнд 13 аймгийн 53 суманд 115 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 17,4 мянган га ой, 2,9 сая га хээрийн талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар байгаль, экологид 7,3 сая төгрөг, эд материалд 882,4 мянган төгрөг, түймрийг унтраахад 56,1 төгрөгийн зардал гарчээ.

Түймэрт 3 хүн нас, барж 4 хүн түлэгдэж, 28 айлын гэр, 42 хашаа, саравч шатаж, 3366 толгой мал, 5 автомашин, 120 ширхэг хилийн шон, 116 тн өвс шатсан.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 1511 албан хаагч, 142 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 413 албан хаагч, Зэвсэгт хүчнээс 124 албан хаагч, 56 автомашин, Цагдаагийн байгууллагаас 15 албан хаагч, орон нутгаас 3461 иргэн, 404 автомашин, 114 мотоцикль тус тус дайчлагдан нийт 5524 хүн, 602 автомашин, 114 мотоцикльтой ажиллав.

Энэ хугацаанд ОХУ-аас Монгол Улсын хилийг давж 5 удаа хээрийн түймэр орж ирсэн бол Монгол Улсаас Хятад улсын хил давж 1 удаа хээрийн түймэр гарсан байна.

scroll to top