Төв, орон нутагт гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын ажлын чанар, хүртээмжийг сайжруулах, байцаагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч, гэрээт хяналтын байцаагч нарын сургалт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт эхэллээ.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч, гэрээт гал түймрийн улсын хяналтын байцаагч, жижүүрийн гал түймрийн улсын хяналтын 100 гаруй байцаагч хамрагдаж байна.
Сургалтыг нээж ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал үг хэллээ. Тэрээр “Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг гол хэрэгжүүлэгч албан тушаалтан бол төв, орон нутгийн Онцгой байдлын газруудын улсын хяналтын байцаагч та бүхэн. Гамшгаас хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хууль, дүрмийг сахин биелүүлэх, хэрэгжүүлэх, хяналт тавих, шалгалт явуулахад иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай хамгийн түрүүнд харилцдаг албан тушаалтан бол байцаагч та бүхэн. Тийм учраас та бүхэн Онцгой байдлын албаны нүүр царай гэдгээ ойлгох хэрэгтэй. Албаны нэр хүндийг өндөрт өргөж явах, хууль, дүрэм журамаа сахиж ажиллах ёстой” хэмээн онцоллоо.
Мөн гамшгаас хамгаалах чиглэлээр магистр, докторын болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, боловсрол мэдлэгээ дээшлүүлэн боловсролоороо бусдаас ялгарах ёстойг анхааруулаад байцаагч нарын дунд аттестчлал явуулах, ажлын байрыг сэлгэн ажиллуулах шаардлагатай байгааг ч хэлж байлаа.
Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч, гэрээт хяналтын байцаагч нарын сургалт 2016 оны 09 дүгээр сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ.
Сургалтын үеэр гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоох хяналт шалгалтын чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор түвшин тогтоох шалгалт авах юм байна.