Шинэ Засгийн газар байгуулагдаж гишүүд шинээр томилогдсон. Хуулиар Засгийн газрын гишүүд Улсын онцгой комиссын гишүүд байдаг. Тэгвэл Улсын онцгой комиссын шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байгаа анхны хурал маргааш болох гэж байна.
Улсын онцгой комиссын анхны хурлаар Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон улсын хэмжээнд гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зам тээвэр болон эрчим хүчний салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох яамдаас мэдээлэл хийх юм.
Мөн тус хурлаар Улаанбаатар хотын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2016 оны 4 дүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийнэ.
Дээрхи хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комисын дарга У.Хүрэлсүх холбогдох яам, агентлагуудад үүрэг, чиглэл өгнө.