1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймаг болон Улаанбаатар хотод бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Говь болон зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с. 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар 13,14-нд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын зарим газраар 15-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 12, 14, 15-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын саваар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх:
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бурхантын хөндийн алтны уурхайн хиймэл нууранд иргэн Б /24 настай, эрэгтэй/ осолдсон гэсэн дуудлагыг 2016.09.09-ний өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 6, Цагдаагийн 3 албан хаагч, тус уурхайн 15 ажилтан нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.09.10-ны өдрийн 09:02 цагт цогцсыг гаргаж тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар багийн Хар толгой гэдэг газар Толбо нуурын усанд иргэн Б /40 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлагыг 2016.09.10-ны өдрийн 15:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллах явцад иргэн Б /40 настай, эрэгтэй/-ны цогцсыг иргэд; иргэн Б /40 настай, эрэгтэй/-ын цогцсыг 6 метр гүн уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн
3. Аюулт үзэгдлийн талаар:
Завхан аймгийн Баянтэс сумын төвөөс хойд зүгт 90 км-ын зайд /Ө.50051/00//, У.96039/00/// 2016.09.10-ны өдрийн 11:59:49 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянтэс сумын Засаг дарга Х.Бямбадоржоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй учирсан хохиролгүй байлаа.
Хөвсгөл Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-ын зайд / Ө.51006/00//, У.98045/00/// 2016.09.11-ний өдрийн 05:22:46 цагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч хошууч Х.Бадрахаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай газар айл нутагладаггүй байна.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Шар хоолой” гэдэг газар иргэн Э-н 4х5 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.10-ны өдрийн 11:37 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 41 дүгээр гудламжийн 02 тоотод иргэн Б-н хашаанд хурааллттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.10-ны өдрийн 17:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол:
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан даваа”-ны авто замын зорчих хэсэгт 2 зорчигчтой зорчиж явсан суудлын автомашин онхолдож 2 зорчигч аймгийн эмнэлэгт хүргэгдсэн, автомашиныг босгох тухай дуудлагыг 2016.09.10-ны өдрийн 17:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашиныг татан босгосон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР