Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт гарсан малын халдварт өвчинтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг дээрхи аймгуудад ажиллаад ирлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ахалж, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Биокомбинат ТӨААТҮГ-ын холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 2016 оны 09 дүгээр сарын 04-16-ны өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт ажиллаж, малын халдварт өвчний нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийх, дээрхи аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гамшгаас хамгаалах алба, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, шаардлагатай асуудлыг шийдвэрлэн ажилласан.
Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд тус аймагт гарсан малын халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тус өвчинтэй тэмцэх талаар ажлын хэсгийн тайланг танилцууллаа.
Ажлын хэсгээс дээрхи аймгуудад мал эмнэлгийн 400 орчим тасгийн эрхлэгч, малын эмч нарыг хамруулан сургалт зохион байгуулсан байна.
Орон нутагт мэргэжлийн байгууллага, төрийн албан хаагчийн ур чадвар хангалтгүй, ажилдаа хандах хандлага, хариуцлага сул, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, малчдын хооронд харилцаа уялдаа холбоогүй байгаа дутагдал ажиглагдаж байгааг ажлын хэсгийн гишүүд Шадар сайдад тавьж байлаа.
Цаашид, дээрхи аймгуудад төрийн байгууллага, төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг сайжруулах, хорио цээрийн дэглэмийг чангатгах, халдваргүйжүүлэлтийг эрчимтэй хийх, шаардлагатай бодисын нөөц бүрдүүлэх, вакцинжуулалтыг богино хугацаанд шуурхай зохион байгуулах, хүн, хүч хэрэгслийг дайчлах, байнгын ажиллагаатай хилийн боомтын халдваргүйтгэлийн ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг уламжлав.