Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр  хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говь, талын нутгаар 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруунаас  6-11 м/с, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал:1-нд баруун аймгуудын зарим газар, төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 2-нд зүүн аймгуудын хойд хэсэг, баруун, төвийн аймгуудын зарим газраар, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, говь, зүүн аймгуудын зарим газраар, 4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Булган аймгийн Бугат сумын Баян төгөл багийн “Хүүхдийн-Овоо” гэдэг газар иргэн Г /54 настай, эрэгтэй/ 2016.09.27-ны өдөр малд яваад сураггүй босон дуудлагыг 2016.09.29-ний өдрийн 05:40 цагт /09:50 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай, тус сумын Цагдаагийн хэсгийн 3 албан хаагч, ар гэрийн 4 хүн,1 автомашинтай, орон нутгийн 12 иргэн, 1 автомашинтай, нийт 22 хүн, 3 автомашин, 5 мотоцикльтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад иргэн Г /54 настай, эрэгтэй/-нь Орхон аймагт байдаг дүүгийн дээ эсэн мэнд очсон тухайгаа утсаар мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Ус, цас, шаварт саатсан: Баян-Өлгий аймгаас орон нутгийн сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн цахилгаан хураагуур ачиж явсан 96-16 УНГ улсын дугаартай автомашин Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алт багийн “Байрамын даваа” гэдэг газар цасанд суусан тухай дуудлагыг 2016.09.29-ний өдрийн 13:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цасанд суусан автомашиныг татан гаргасан.

3. Аюулт үзэгдлийн талаар

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т 2016.09.29-ний өдрийн 12:47:46 цагт /Ө-44085/00//, У-100047/00/// 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл багийн “Баюу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км/-т  иргэн У.Ганзориг тариан талбайн хог шатааж байгаад гал алдсан тухай дуудлагыг 2016.09.29-ний өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 61 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай, Орон нутгийн 10 иргэн, 1 автомашинтай ажиллаж 2016.09.30-ны өдрийн 00:15 цагт унтраасан.

Объектын гал түймэр: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Цайз”-ын 11 дүгээр гудамжийн 138 тоотод эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.29-ний өдрийн 09:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Булган сумын Жаргалант багийн 15 дугаар байрны хажууд иргэн Ш-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.29-ний өдрийн 12:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 20 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн “Дунд сайхан”-ы 1 дүгээр гудамжийн 17 тоотод иргэн А-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.29-ний өдрийн 17:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан. Уг галд Ө /2 настай, эрэгтэй/, Б /1,5 сартай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн  Ивээл хороололын “Ахмадын амралт”-ын байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.30-ны өдрийн 06:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 52 дугаар  ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

4. Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн “Нарийн харийн хэц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 67 км, сумаас баруун урагш 18 км/-т хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт 79-50 ӨМА улсын дугаартай ачааны автомашинтай, 28-05 УНИ улсын дугаартай ачааны автомашин мөргөлдсөн байна гэсэн дуудлагыг 2016.09.29-ний өдрийн 19:53 цагт /20:16 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч,  2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Ш /29 настай, эрэгтэй/, иргэн С /48 настай, эмэгтэй/, иргэн Г /53 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Цогтцэций сумын эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

Ахуйн осол: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 10 дугаар гудамжинд дулааны шугамын худагт иргэн Э /58 настай, эрэгтэй/ согтуугаар явж байгаад унасан тухай дуудлагыг 2016.09.29-ний өдрийн 20:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж дулааны шугамын худагт унасан иргэн Э /58 настай, эрэгтэй/-г гаргасан биеийн байдал хэвийн. 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top