Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 2009 оноос эхлэн “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Энэхүү олон улсын өдрийг энэ жил дэлхий нийтээр “Мэдлэгээ бусдадаа түгээцгээе” уриатай тэмдэглэнэ.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас олон улсын өдрийг угтан нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын офицер албан хаагчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Ч.Бадрал оролцож үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Аврагч” спорт хороо 2016 онд зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний спортын XIV их наадамд зуны, өвлийн төрлүүдэд амжилттай оролцож дэд байрт шалгарлаа. Их наадамд тус спорт хорооноос нэлээд зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй оролцсоны үр дүнд баг тамирчид маань амжилт гаргаж чадлаа. ОБЕГ-ын зүгээс баг тамирчдын бэлтгэл сургуулилтаа хийх нөхцөл бололцоог хангаж хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласан. Энэ амжилт бол төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн Онцгой байдлын албаны албан хаагчдын бэлтгэл сургуулилт, бэлэн байдал хэр түвшинд хангагдсаны томоохон илрэл юм” гэж онцлоод тэмцээнд оролцож байгаа нийт баг, тамирчиддаа амжилт хүслээ.
Тус тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нийт 11 багийн 130 гаруй тамирчин оролцож байна.