Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 9-14 м/с, баруун аймгуудын баруун хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд хэсгээр 7-12 градус, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12  м/с. 16-18 градус дулаан байна .

Төлөв байдал: 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16,18-нд зүүн аймгуудын нутгаар,17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх нутгаар 15-нд 18-20 м/с, бусад хугацаанд 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16,18-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /16 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 2016.10.11-ний өдрийн 16:35 цагт түр зогсоосон. Осолдогчийн ар гэрийнхэн дахин хүсэлт гаргасны дагуу 2016.10.13-ны өдрийн 11:30 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн нутаг “Их шаврын ам” гэдэг газар тогтсон нуурт иргэн Ц /52 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.10.13-ны өдрийн 22:02 цагт нуурын захаас цогцсыг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Ус, шаварт саатсан: Увс аймгийн Тариалан сумын Хар тарвагатай багийн “Хөх үхэрт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км-т/ аймгийн аюулгүйн нөөцийн өвс ачиж явсан “Бенз” загварын автомашин шаварт суусан дуудлагыг 2016.10.13-ны өдрийн 12:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

3. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Архангай аймгийн Жаргалант сумын төвөөс баруун зүгт 28 км-т  /У.48066/00// Ө.100040/00/// 2016.10.13-ны өдрийн 19:06:54 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс хэт богино долгионы радио холбоо болон цахим шуудангаар ирүүлсэн.

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэн далай багийн “Мэргэн шувуут” гэдэг газар / сумын төвөөс урд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан гэсэн дуудлагыг 2016.10.13-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  61 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 8 иргэн, 1 автомашин, нийт 16 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллан унтрааж 2016.10.13-ний өдрийн 20:30 цагт тус сумын байгаль орчны байцаагч Б.Энхбаярт хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 4 га орчим бэлчээрийн талбай өртсөн/.

 4. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3 дугаар хэсгийн 555 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.13-ны өдрийн 12:53 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжийн 78 тоотод хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.13-ны өдрийн 14:14 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 5 хэсэг  79 дүгээр гудамжийн 2315 тоотод гэр, 2 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.13-ны өдрийн 22:26 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 14 дүгээр гудамжийн 18 тоотод хашааны өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.13-ны өдрийн 11:21 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах  81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top