Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгуудын нутгаар цас орсон.

Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын зарим газар, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 21, 22-нд зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 21, 22-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар түр зуур     18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Цас, шаварт саатсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутаг Хөх хөтөлийн даваанд /сумын төвөөс баруун-урд зүгт 70 км-т/ нүүрс ачсан 81-88 ХӨВ улсын дугаартай “Шаланз Хово” загварын хүнд даацын автомашин зам тагласан байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны өдрийн 22:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, авто замын хөдөлгөөнийг хэвийн болгосон.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Мухрын дунд хамар” гэдэг газар байдаг Могойн голд 18-26 ДАР улсын дугаартай “Тоёото раун” загварын автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 2016.10.19-ний өдрийн 05:15 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан. /Уг автомашинд зорчиж явсан иргэн Т /45 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/, О /22 настай, эмэгтэй/ нарыг; Буцах замдаа мөн цасанд суусан 07-22 ДАХ улсын дугаартай “Портер” загварын автомашинтай иргэн Л /45 настай, эрэгтэй/, Б /38 настай, эрэгтэй/ нарыг татан гаргаж аюулгүй газар тус тус хүргэсэн.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улаан толгой багийн “Зээгтийн даваа” гэдэг газар хүчтэй цасан шуурганы улмаас зам хаагдаж, 3 автомашин, 6 зорчигч саатсан тухай дуудлагыг 2016.10.20-ны өдрийн 00:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Хар чулуутын ам гэдэг газар “Тарвуугийн” голд 56-96 УБЛ улсын дугаартай “Терино” загварын автомашин голд хажуулдаад унчихлаа гэсэн дуудлагыг 2016.10.20-ны өдрийн 02:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргаж уг автомашины жолооч Г-д хүлээлгэн өгсөн

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн 8 дугаар гудамжийн 122 тоотод иргэн Б.Батболдын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.19-ний өдрийн 09:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Б /9 сартай, эрэгтэй/ нуруу, 2 гарын тохойн хэсэг түлэгдсэн байсныг НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багийн Цахирын 1 дүгээр гудамжийн 13 тоотод иргэн Х-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.19-ний өдрийн 09:36 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын Бага дөрвөлж багийн Хайлаастын 12 дугаар гудамжийн 15 тоотод иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.19-ний өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top