Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

 1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв, баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг,  төв болон зүүн аймгуудын нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говь, талын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, баруун аймгуудын өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно, салхи 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 0 градус орчим  байна.

Төлөв байдал: 24-нд ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 24, 25-нд ихэнх нутгаар, 26, 27-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.  24-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймаг Орхон сум  Халиун багийн нутаг, Орхон голын “Ханхар Тээлийн гарам” гэдэг газарт усанд осолдсон иргэн  О / 14 настай, эрэгтэй/-ын эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2016.10.22-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн эрэн хайх аврах бүлгийн дарга а/а Б. Батсайхан, нийт 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж явсан иргэн М /38 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 завь, 1 автомашинтай, сумын Цагдаагийн хэсгийн 7 албан хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 5 хүн, 1 автомашинтай, нийт 18 хүн, 3 автомашинтай 2016.10.23-ны өдрийн байдлаар Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газраас Хушаат сумын Даагат багийн Энх талын хөдөлгөөнт гүүр хүртэл усаар 50 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

3.Объектын гал түймэр:

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 13 дугаар гудамжийн 3 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 12:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн “Задгайд” хашаанд хураалттай байсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг  2016.10.23-ны өдрийн 14:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 48 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 15 иргэн;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 29 дүгээр гудамжийн 9 тоотод иргэн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Мангирт”-ын 9 дүгээр хэсэг 4 дүгээр гудамжийн 52 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 23:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраасан. Уг галд иргэн А /26 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top