Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан,  бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи 7-12 м/с. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 29-нд зарим газраар 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 31-нээс өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 60 айлын орон сууцны 18 тоотод оршин суугч иргэн М /62 настай, эрэгтэй, Сэтгэцийн эмгэгтэй/ 2016.10.27-ны өдрийн 12:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.10.27-ны өдрийн 22:38 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 7 иргэн, 3 автомашинтай, нийт 13 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж явсан иргэн М /38 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 11 албан хаагч, 1 автомашинтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч 2 автомашин, Цагдаагийн газрын 1 албан хаагч, 1 эрэлч нохой, ар гэрийн 3 хүн, 1 автомашин, нийт 35 хүн, 1 эрэлч нохой, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.27-ны өдрийн байдлаар Хушаатын бирвазаас голын эрэг дагуу хуурай газраар 46 км газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчдын Г”-ын 609 тоотод иргэн Б 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.27-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “Хангай”-н 15 дугаар гудамжийн 599 тоотод иргэн О байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.27-ны өдрийн 22:04 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дардан говь” ХХК-ийн авто замын хар тос хайлуулдаг зууханд хар тос шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.27-ны өдрийн 14:36 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

 

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top