НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хуралд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсын төлөөлөгчид өнөөдөр хэд хэдэн бэлтгэл хуралдаануудад оролцлоо.
Тухайлбал, Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн салбарын оролцоо” сэдэвт бэлтгэл хуралдаанд оролцож гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцооны талаарх Монгол Улсын туршлагаас хуваалцав.
Мөн Улаанбаатар хотын орлогч дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид “Азийн бүс нутагт Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих нь” хуралдаан болон “Орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдлагын форум”-д оролцож Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцсанаас гадна НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар Европын Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх төсөлд хамрагдах таван улс (Балба, Бирм, Бангладеш, Индонез, Монгол)-ын төлөөлөл өөр өөрсдийн хотын гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгийг даван туулах чадварын өнөөгийн байдлын талаар танилцуулга бэлтгэж хэлэлцүүлсэн.
Мөн МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Сайн дурынхан ба гамшгийн эрсдэлийг бууруулах” сэдэвт хуралдаанд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.