Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Дархан-Уул, Завхан, Хөвсгөл, Дундговь, Дорноговь аймгуудаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс  7-12 м/с, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгороор 13-18 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын саваар 8-13 градус хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 7-9 градус хүйтэн байна .

Төлөв байдал: 11-нд зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд төв, зүүн аймгуудын хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 11, 13- нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд зарим газраар, 14-нд баруун зүгийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай,  Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө  5-10 градус  хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цасанд саатсан: Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн “Хайлант” гэдэг газар /сумын төвөөс 4 км-т/ суудлын автомашин, 2 зорчигчтой цасанд суусан тухай дуудлагыг 2016.11.09-ний өдрийн 07:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Г /38 настай, эрэгтэй/, Ц /40 настай, эмэгтэй/ нарын машиныг татан гаргаж аюулгүй болгосон.

Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-н бичил уурхайн /налуу ам/ 20 метрийн гүнд агааргүйдэж 1 иргэн ухаан алдаж унасан тухай дуудлагыг 2016.11.09-ний өдрийн 19:55 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Т /40 настай, эрэгтэй/-г уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Морьт багийн “Хөх-Овоо”, “Элгэн”, “Хадатын-Ар” гэдэг газруудад малчин Л-н 18 хонь, И-н 106 хонь 2016.11.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй нийт 124 хонь өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.11.04-ний өдрийн 1065 дугаар хариугаар “Хонины цэцэг ” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын-Ус багийн “Гүнзгий” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2016.11.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.11.09-ний өдрийн 148 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 29 дүгээр байрны 1 дүгээр давхар утаа ихтэй байна гэсэн дуудлагыг 2016.11.09-ний өдрийн 11:52 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7 дугаар гудамжийн 183 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.09-ний өдрийн 18:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 9 албан хаагч;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн 4 дүгээр гудамжийн 10В тоотод айл шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.09-ний өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top