Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийслэл болон Архангай, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймагуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говийн аймгуудын зарим газраар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, зарим үед секундэд 14-16 м/с хүрч, цасан шуурга шуурна. 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15,16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 15-нд Алтайн уулсаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст, 17-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрч бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Ус, цасанд саатсан: Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Ганцын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км-т/ Рино загварын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.11.12-ны өдрийн 22:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж машиныг татан гаргаж аюулгүй болгосон.

3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтан сан” цогцолбор хорооллын ажилчдын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.12 –ны өдрийн 15:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 9 албан хаагч;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжийн 3 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 9 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top