Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж зохион байгуулж буй “Эрсдэлийг тооцоолсон хөрөнгө оруулалтын төлөвлөлт” сэдэвт сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол орон газар зүйн байрлал, эх газрын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан ган, зуд, хүчтэй цасан болон шороон шуурга, газар хөдлөлт, үер, ой хээрийн, түймэр, хүн, малын гоц халдварт өвчин сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа энэ үед энэхүү сургалтыг хийж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.
Сургалтад Гамшгаас хамгаалах улс албад, Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн санхүүч, нягтлан бодогч нар нийт 40 гаруй албан хаагч хамрагдаж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын статистик мэдээллийг цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх, гамшгийн дараах хохирлын үнэлгээ хийх, үнэлгээний мэдээ тайланг эдийн засгийн тоо баримтад шилжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт болон цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг урьдчилан тооцоолж хариу арга хэмжээг санхүүгийн төсөв, төлөвлөгөөнд тусган урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд дутагдалтай байгаа юм. Энэ талаар нэгдсэн ойлголт байхгүйн улмаас энэ ажил салбар бүрт харилцан адилгүй явагдаж байгаа. Тиймээс салбар бүр өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд эрсдэлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хийх, гамшгийн хохирлын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.