Энэ удаагийн зочноор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59-р ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Ц.Амартүвшинг урьлаа. Тэрбээр уран сийлбэр хийдэг төдийгүй гүйлтийн спортоор хичээллэдэг. Аймгийнхаа 18 удаагийн аварга тамирчин юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулья.
-Хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй түүхийг бүтээж байдаг. Тийм болохоор бахархмаар сайхан ч баргийн аавын хүү шантарч няцмаар Онцгой байдлын онцгой албанд яагаад орох болсныг тань сонирхмоор байна. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөв үү, эсвэл…?
-Цэргийн хүн болно гэдэг багын зөн совин байсан юм болов уу даа. Хүүхэд байхаас цэрэг, цагдаагийн малгай гоё харагдаад л, өмсч үзмээр санагдаад ах дүү нартаа ийм малгай олоод өгөөч гэж байнга захидаг хүүхэд байлаа. Үнэндээ тэд надад тийм малгай олж өгнө ч гэж юү байхав, тэдэнд малгайгаа өгдөг хүн ч гэж хаана байх вэ дээ. Гэхдээ л энэ хүсэл маань эрийн цээнд хүрсэн ч унтраагүй. Тэгээд л цэргийн албаа хааж ирээд хөдөө хэсэг зуур мал маллаж байгаад 2003 онд Онцгой байдлын албандаа шалгалт өгөөд, шалгаруулалтад нь тэнцээд орсон доо. Содномжамц гэж сайхан хурандаагийн тушаалаар ажилдаа орж байлаа.
-Тэгвэл хэзээнээс сийлбэр хийж эхэлсэн юм бэ?
-Сайн уяач морио давхар хөлсөлдөг юм гэнэ лээ. Сайн дарга бас хүнээ давхар шалгаж, хүнээр хүн хийдэг юм билээ. Содномжамц дарга маань намайг ажилд орсны дараа гал тогооны өрөөнд ширээ, сандал хийгээд долоо хоногийн дараа надад үзүүл гэдэг даалгавар өгсөн. Надад өгсөн юм нь гэвэл хөрөө, алх, бахинаас өөр багажгүй хэдэн мод. Гэхдээ би ямарч л байсан даалгаврыг нь гүйцэтгэсэн. Одоо бодоход их хөөрхөн хийсэн юм билээ. Түүнээс хойш л модоор юм хийх гэж оролддог болсон доо.
-Гарын уртай болохыг чинь анзаарчээ дээ?
-Тэгсэн юм байлгүй дээ. Хүн ярьсан ч юм уу. Би хөдөө мал малладаг байхдаа хонь хариулангаа сур элдэж, хазаар ногт, ташуур хийж, сарлагийн саваг, адууны дэлээр олом томж, гэрийн оосор бүч хийж зарж борлуулдаг байлаа. Бас эмнэг адуу сургах их дуртай байсан. Адуутай ноцолдоод байхаар бие хөнгөрчихдөг юм билээ. Тийм болохоороо Онцгой байдлын албаныхаа шалгаруулалтад тэнцсэн байх.
-Ангийн захирагчийн чинь сандалыг таныг урласан гэж байна лээ?
-Тиймээ, би ноднин зун хийж өгсөн юм.
-Одоо сийлбэрлэж урласан зүйлээ зарж борлуулж байна уу?
-Өө боруулалгүй яахав, амьдралын хэрэгцээ байна. Анх Содномжамц хурандаа тэгж урам өгснөөс хойш би сийлбэр оролдож эхэлсэн. Өөрөө түүндээ их сонирхолтой учраас нэг юм бариад суучихвал цаг хэд болж байгааг ч анзааралгүй суучихдаг байлаа. Хүн дуртай юмаа хийхээрээ ядардаггүй юм билээ. Тэгээд ч их юм хийж зарж байсан даа. Сийлбэртэй орнууд хийж байсан. Хөдөөний айлд авдар, бурханы гүнгэрваа, мөлхөө тавилга хүртэл хийж байлаа. Мөлхөө тавилгыг анх лисвагаар хийдэг байхад дуурайлгаж хийгээд, түүнийгээ сийлбэрлэсэн чинь хүмүүс их сонирхдог байлаа. Одоо хаа нэг айлд ороход байж байдаг юм. Яг өөрийн хийсэн юм нүдэнд содон тусдаг юм. Гоё л санагддаг.
-Хийсэн хамгийн том сийлбэр чинь юу байв?
-Айлын бүтэн тавилга хийж байсан. Бүтэн сийлбэртэй.
-Хэдий хэр хугацаанд урласан бэ?
-Ажлын чөлөө заваар юм хийхээр гараас удаан гардаг юм. Бүтэн тавилга хийхдээ амралтаа авч хийгээд нэг сарын хугацаанд л дууссан.
-Одоо сийлбэрээ хийж байна уу?
-Одоо хааяа нэг хийнэ ээ. Хүмүүс хийгээд өгөөч гэж захиалга өгвөл л хийж байна. Түүнээс зарах зорилгоор хийхгүй байгаа. Харин Говь-Алтай аймгийнхаа талх, гурлин боовны үйлдвэрүүдийн хэвийг хийж өгдөг юм.
-Тэгэхээр Говь-Алтай аймгаас еэвэн авч идвэл Амраагийн урласан хэвээр хийсэн байх нь ээ?
-Тиймээ, миний гарын үсэгтэй гэж хэлж болно. Гэхдээ үйлдвэр бүхэн өөр өөрийн гэсэн хээтэй байдаг. Чанар, стандарт гээд бүх зүйлээрээ ялгаатай учраас хэв нь хүртэл ялгаатай байх ёстой гэдэг юм билээ.
-Хамгийн сүүлд ямар бүтээл хийсэн бэ?
-Африкийн улаан мод гэж бмод байдаг юм. Тэр модоор хүмүүс ташуур хийдэг. Тийм ташуурыг сийлбэрлэж өгсөн. Сийлбэрлээд, хоёр талыг нь мөнгөлчихөөр их гоё ташуур болдог юм билээ.
-Гэрээ бол өөрийнхөө бүтээлүүдээр л чимчихнэ биз дээ?
-Манай гэр бараг тэр чигээрээ л сийлбэр байгаа даа. Гэхдээ хамгийн эхний хийж байсан сийлбэрүүд. Одоо эргээд харахад жаахан гологдох маягтай.
-Гарын уртайнх өөр зүйлүүд хийж байв уу?
-Багадаа их юм хийх гэж оролддог байлаа. Хүн хийж чадаж байгаа юмыг би хийж чадна гээд л үзчихнэ шүү дээ. Тэгээд манай өвгөн нагацын самган надад монгол гутал хийхийг зааж өгсөн юм. Түүнийг нь сураад өөртөө болоод ээждээ, хүүхдүүддээ гутал хийсэн. Ганц нэг бөхчүүдэд бас хийж өгч байлаа. Бас гөлөм хийж үзсэн. Нэг их сайн болоогүй болохоор нь өөрөө хэрэглэчихсэн. Өвөлдөө хэдэн шир авч сур хийгээд, түүгээр хэдэн бугуйл хийгээд зарчихсан шүү.
-Хамгийн үнэ хүргэж зарсан бүтээл чинь юу байв?
-Гэрийн бүтэн тавилга л зарсан даа. 800 мянгаар зарж байсан юм.
-Сайн дархан багажаа өөрөө урладаг гэдэг. Сийлбэрийн хутгаа өөрөө хийдэг үү, энд тэндээс худалдаж авсан уу?
-Дүүг маань хөдөлмөрийн хичээлээр нэг жижигхэн модон дээр сийлбэр хийж ир гэсэн юм. Тэр сийлбэрийг нь би хийгээд өгчихсөн чинь багш нь чи сайн мужаан болох юм байна гэж үнэлээд дүүд хоёр сийлбэрийн хутга өгсөн байсан. Тэр хоёр хутгыг дүү надад авчирч өгсөн юм. Би одоо ч тэр хоёр хутгаараа л сийлбэрээ хийдэг. 2004 онд авсан хутгууд шүү дээ.
-Өөрийг тань бас гүйлтээр хичээллэдэг гэж сонссон. Хэдэн жил хичээллэж байна вэ?
-Онцгой байдлынхаа албанд орсны дараа гүйлтээр хичээллэж эхэлсэн дээ. Манай гал түймэр унтраах, аврах 59-р ангийн дарга, спортын мастер Батсайхан гэж сайхан хошууч байлаа. Одоо гавьяаныхаа амралтад гарчихсан байгаа. Тэр хүн намайг жаахан шахаж, би өөрөө ч хичээж хичээллэснээс хойш аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 18 удаа түрүүлсэн байна. Бүсийн аваргад таван удаа түрүүлсэн. Улсын аваргад нэг их явах боломж олддоггүй юмаа. Гурван удаа л оролцсон. Нэг мөнгөн медаль, хоёр хүрэл медаль хүртсэн. Олон улсын тэмцээнд тавдугаар байрт орж байсан. Онцгой байдлынхаа 10 жилийн ойгоор очиж гүйлтийн тэмцээнд оролцоод дөрөвдүгээр байрт орсон.
-Одоо ч гэсэн гүйлтээрээ хичээллэж байгаа биз дээ?
-Хичээллэж байгаа. Саяхан нэг тэмцээнд орсон чинь өмнөө нэг хүүхэд оруулаад хоёрдугаар байрт орсон. Аймгийнхаа биеийн тамир спортын газрын хөнгөн атлетикийн багш, спортын мастер Занданбал багшийнхаа удирдлага дор хичээллэдэг юм. Бас хүүхдийн дугуйлангийн хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийсээр байгаад бүр ижил дасал болчихсон. Хамт бэлтгэл хийхгүй болохоор өнөө хүүхдүүд маань гомдчихдог юм. Тэд чинь бүүр эрхлээд сурчихсан. Үнсүүлэх гээд л гүйгээд ирнэ. Хөөрхөн хүүхдүүд бий. Би тэтгэвэртээ гарч байгаад хөнгөн атлетикаараа тууштай хичээллэж, хэдэн хүүхдээ дагуулаад дэлхийн аваргын дэмжээнд гарна л гэсэн мөрөөдөлтэй.
-Тэгвэл Говь-алтайгаас Амраа багштай дэлхийн аварга төрлөө гэж сонсох нь байна шүү дээ?
-Магадгүй төрөх байх. Ер нь энэ спортоор хичээллэхэд манай аймгийн хүүхдүүд цусандаа, ясандаа жаахан гайгүй юм билээ. Хөнгөн атлетик эртний Грек улсаас үүдэлтэй, спортын хаан спорт гэгддэг, бүх спортын үндэс суурь болж өгдөг спорт. Дээр нь гэмтэж, бэртэх нь бага. Тэгсэн хэрнээ хатуужил, зориг тэвчээр суулгадаг чанга спорт. Тэрүүгээрээ их давуу талтай спорт гэж надад санагддаг юм.
Ш.Төгөлдөр