Газар хөдлөлтийн эрсдэлд бэлэн үү?

16871066.jpg

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнгөрсөн амралтын өдрүүдэд газар хөдөлсөнөөс тус сумын 700 гаруй иргэнийг нүүлгэж шилжүүлсэн. Байдал хэдийгээр хэвийн болсон ч цаашид газар хөдлөлт болохгүй гэх баталгаа байхгүйг албаныхан анхааруулсаар байгаа билээ. Монголчууд тэр дундаа хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлчүүд бид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалахад бэлэн болов уу. Мэргэжлийн байгууллагууд төдийгүй дэлхийн нийтийн жишиг бол гамшгийг тогтоох биш гамшгийн эрсдэлийг бууруулахад гол анхаарлаа төвлөрүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлт хэдэн баллын хүчтэй, хаана болохыг тооцоолохоос илүү газар хөдлөлтийн гамшгийн үед хүний амь насыг аврах, иргэн биеэ хэрхэн хамгаалах зэрэг гамшгаас үүдсэн эрсдэлийг тооцоолдог юм байна.

Нийт нутгийн 75 хувь нь газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд багтдаг

Судалгаагаар Монголын нийт газар нутгийн 75 хувь нь VII ба түүнээс дээш газар хөдлөлт болох магадлалтай бүсэд оршдог юм байна. Нутаг дэвсгэрийг газар хөдлөлтийн бүсээр нь багцлан авч үзэхэд есөн баллын бүсэд нийт барилгын 25 орчим хувь, найман баллын бүсэд 28 орчим хувь, долоон баллын бүсэд 30 орчим хувь, 5-6 баллын бүсэд 15 хувь нь байрладаг гэсэн судалгаа бий. 1970 оноос өмнө барьж ашиглалтад оруулсан барилгуудын газар хөдлөлтийн хүчийг тооцоолох боломжгүй юм байна. Өөрөөр хэлбэл, 1970 оноос өмнөх барилгуудыг барихдаа газар хөдлөлтийн хүчийг тооцоолоогүй нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж Мэргэжлийн хяналтын байгууллага үздэг юм байна. 2016 оны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж байгаа нийт барилга 121 мянга 15, шинээр барьж буй 912 барилга байдаг. Нийт барилга байгууламжийн 30 хувь нь их эрсдэлтэй, 40 хувь нь дунд эрсдэлтэй, 30 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

Төрийн ордны анхны блокууд газар хөдлөлтөд тэсвэргүй

Монголд анх 1961-1996 онуудад ашиглалтад орсон томоохон станцууд газар хөдлөлтийн үед тэсвэржилт муу гэдгийг албаныхан хэлж байна. Тодруулбал, Дулааны цахилгаан станц-2, 3, “Даланзадгад” дулааны станц, Дархан дулааны станц зэрэг байгууламжуудын хугацаа дууссан, насжилт өндөр учраас газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үздэг юм байна.

Мөн Төрийн ордны 1970 оноос өмнө ашиглалтад орсон блокууд нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэнэ. Төрийн ордны анхны барилга 1951 онд ашиглалтад орж байжээ. Үүний дараа Төрийн ордны барилгын анхны өргөтгөлийг 1958 онд хийж байсан бол хоёрдахь өргөтгөлийг 1981 онд хийж байжээ. Тиймээс 1958 оноос өмнө баригдсан Төрийн ордны блокууд нь газар хөдлөлтийн эрсдэл даахгүй гэсэн үг юм. Газар хөдлөлтийг үнэлэхийн тулд газар хөдлөлтийн бичил мужлалын зураг зохиодог бөгөөд энэ нь газар хөдлөлтөөс ирж болзошгүй хүчийг тухайн орчны геологоос хамааруулан тогтоодог нарийвчилсан судалгаа юм. Энэ судалгааг 1976 онд Булган аймгийн Могод суманд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараагаа хийж эхэлсэн учраас 1970 оноос өмнөх барилгуудын газар хөдлөлтийн эрсдэлийг тооцоолоогүй юм байна.

Нийслэлийн 278 барилга нурж унахад бэлэн байна

Улаанбаатарын бүс нутагт 2005 оноос газар хөдлөлтийн тоо огцом нэмэгдэж, сүүлийн 16 жилийн хугацаанд 10 мянга 849 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, 2010 онд нийслэл орчмын газар хөдлөлт 781 байсан бол 2016 онд 1260 болж нэмэгджээ. Энэ нь Улаанбаатар хотод бодит аюул учруулж болох хэмжээний тектоник тогтоц идэвхжиж эхэлж буйг албаныхан хэлж буй.

Нийслэлийн хэмжээнд 36 мянга орчим барилга байгаагаас 3798 нь нийтийн зориулалттай орон сууцны барилга байдаг. Засгийн газраас 2011-2015 онд нийтийн зориулалттай 524 барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ, судалгаа хийсэн байдаг. Эдгээр барилгаас 171 барилга нь газар хөдлөлтөд тэсвэртэй, 278 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй 278 барилгуудын олонхи нь тоосгон болон модон хийцтэй, ашиглалтын хугацаа дууссан, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагүй 1970 оноос өмнө баригдсан барилгууд юм. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгуудын заримыг нь дахин төлөвлөлтөд оруулах, заримд нь засвар хийж болох юм байна. Нийслэлчүүд бид газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд амьдарч байна. Цаашид хэрхэн бэ гэдэг асуулт урган гарч байна. Тэгвэл ирэх онд нийтийн зориулалттай орон сууцны 80, 3400 хүний багтаамжтай гамшгийн үед хоргодох байхны зориулалтын 20, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 25 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийж Нийслэлийн Засаг даргад өргөн бариад байгаа аж. Гамшгийн үед түр хоргодох байрны зориулалтаар ашиглах 13494 м квадрат талбайтай 20 гаруй тодорхой объекттой болохоор төлөвлөж байгааг албаныхан хэллээ.

Эрдэмтэд болон Одон орон судлалын төв газар хөдлөлтийг урьдчилан тогтоох боломжгүй учраас газар хөдлөлтөөс учрах хохирол түүний дотроос хүний амь нас эрсдэх аюулыг багасгах боломжтой байдаг юм байна. Тиймээс гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоо, мэдлэг чухал юм.

Эх сурвалж: www.news.mn

scroll to top