Нэг. Зохион байгуулалтын арга хэмжээний талаар
Улсын онцгой комиссын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай” албан даалгаврын биелэлтийг хангах ажлын хүрээнд аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсүүд тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, бүх шатны Засаг дарга нарын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэр унтраах тухай” захирамж гаргуулан хэрэгжилтэнд хяналт тавин ажилласан байна.
Аймаг, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нар албан даалгаврын хэрэгжилтийг хэрэгжүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан баталж, биелэлтийг дүгнэн ажиллажээ.
Хоёр. Аймаг, нийслэлийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги,
албадын бэлэн байдлын талаар
Аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсүүд орон нутгийн 302 сум, нийслэлийн 9 дүүргийн 731 Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын 522 ширхэг бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийж, 29219 ажилтан, албан хаагчдын хүн нэг бүрийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хувцас, 2474 автомашин, техник, тоног төхөөрөмж, 23312 багаж, хэрэгслийн бэлэн байдлыг шалгалаа.
Аймаг, нийслэлийн Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чадамж, материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор ой, хээрийн гал түймэр унтраах хүн нэг бүрийн троссон шүүр, цохиур, сүх, хөрөө гэх мэт 38 төрлийн 15838 ширхэг гар багаж хэрэгслийг бэлдэж, 512 ширхэг багаж хэрэгслийг засварлаж, үүргийн гал унтраагуул, РЛО, цуравдагч, үлээгч аппарат, цахилгаан хөрөө гэх мэт нийт 60 төрлийн 4861 ширхэг багаж, техник хэрэгслийг бүрэн бүтэн байдлыг шалгаж, ой, хээрийн гал түймэртэй тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг хангуулсан байна.
Аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн бие бүрэлдэхүүн ой, хээрийн гал түймрийн үед ажиллах бэлэн байдлын төлөвлөгөө гарган, орон нутагт гарсан ой, хээрийн гал түймрийг өөрсдийн хүн хүч, техник хэрэгслээр унтраах боломжгүй болсон үед зэргэлдээх аймаг, орон нутагтай хамтран ажиллах төлөвлөгөөнд тодотгол хийж шаардлагатай хүн хүч, техник багаж хэрэгслийн судалгааг гарган материалжуулан ажилласан.
Мөн түймрийн дуудлагаар гарч ажиллах 1 бүлгийг 12 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, хүн нэг бүрийн аранз, хувийн бэлтгэлийг бүрэн хангуулж, ой, хээрийн гал түймэр унтраах техник, тоног төхөөрөмж, гар багаж хэрэгслийг засварлан, зарим гар багажийг шинээр хийж нөөцийг бүрдүүлсэн.
Ой, хээрийн гал түймрийн үед ажиллах автомашинуудад техникийн засвар, үйлчилгээг бүрэн хийж, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, шатахуун, тос тосолгооны материалаар ханган Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баримтлан, эвдрэл гэмтэл, техникийн аваар осолгүй ажилласан.
Аймаг, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн объектын болон ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүн нэг бүрийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалт, аймаг орон нутгийн санхүүжилт, олон улсын байгууллагын тусламжаар 12 төрлийн 1005 ширхэг сургалтын хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 3.036.467.209 төгрөгөөр худалдан авалт хийж гал унтраах бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажилласан.
Гурав. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлын талаар
Монгол улсын Төрийн тусгай хамгаалалттай газар, Дархан цаазат газар, аймаг, нийслэлийн ногоон бүсэд аялал, зугаалга хийх, ойн санг гэрээгээр болон түрээсээр эзэмшигчид, ойн дагалдах нөөц баялагийг ашиглаж байгаа аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдийн үйл ажиллагааг хаврын, намрын хуурайшилтын улирал буюу 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд түр хугацаагаар зогсоож Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хяналт, шалгалтыг зохион явууллаа.
Хавар, намрын хуурайшилтын улиралд гал түймрийн давтамж, эрсдэл өндөртэй аймаг, нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх гарсан гал түймрийг богино хугацаанд шуурхай илрүүлэх, унтраах зорилгоор Цагдаагийн байгууллага, байгаль орчны байцаагч, ой хамгаалагч, ойн санг гэрээгээр эзэмшигч болон түрээслэгч, ойн мэргэжлийн анги, нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллагын /давхардсан тоогоор/ 2640 субьекттэй хамтран хөдөлгөөнт болон морин эргүүлийг хуурайшилтын зэрэглэл, гал түймрийн эрсдэл, газар орны алслагдсан байдал зэргийг харгалзан давхардсан тоогоор 118 суманд, 2640 хүн, 608 автомашин, техник хэрэгсэлтэй 15-45 хоногийн /нийт 1157 өдөр/ хугацаатай хяналтын цэг /пост/ гарган ажиллуулсан.
Хяналт шалгалтын хүрээнд 2489 аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хамрагдаж 14767 зөрчил дутагдал илрүүлж 5833 зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэнд хугацаатай үүрэг даалгавар өгч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага 986, Мэдэгдэл 445, Танилцуулга 63, Ажиллагаа зогсоох тогтоол 24 тус тус хүргүүлэн ажилласан.
Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч болон Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлаа хангаагүй, 26 аж ахуйн нэгж, албан байгууллага, 29 албан тушаалтан, 85 иргэнд Захиргааны хариуцлагын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 10.576.600 төгрөгийн мөнгөн торгууль ноогдуулж захиргааны арга хэмжээ авч хариуцлага тооцон ажилласан.
Дөрөв. Ой, хээрийн гал түймэр унтраах хичээл дадлага,
сургалт, сурталчилгааны талаар
Аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нар Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын даргын албан даалгаврын биелэлтийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу төрийн болон төрийн бус байгууллага, ойн санг гэрээгээр эзэмшигч, түрээслэгч, ойн мэргэжлийн анги, алба, ерөнхий боловсролын сургуулиудад ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг аваар осол, аюулгүй ажиллуулах, гал түймрийн голомтоос өөрийгөө болон бусдын амь нас, эд хөрөнгийг аврах, арга туршлага, дадлага олгох зорилгоор тэнхимийн болон практик дадлага сургуулийг зохион байгууллаа.
Сургалтанд ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөртэй 156 сумын, 1023 албан байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, ойн мэргэжлийн анги, албадын 47210 хүнийг хамруулж, 2257 цагийн хичээл сургалтыг зохион байгуулж явуулсан байна.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан 2016 оны албаны сургалтын хөтөлбөрийн дагуу Гал түймэр унтраах аврах анги, салбарын нийт бие бүрэлдэхүүнд ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, унтраах, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, Гал түймэр унтраах дүрэм, Онцгой байдлын албаны дүрмээр /давхардсан тоо/ 11799 албан хаагчид 1242 цагийн танхимийн хичээл, дадлага сургуулийг явуулж материалжуулан ажилласан.
Ой, хээрийн түймрийн эрсдэл давтамж ихтэй, хуурайшилтийн улиралд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, амь нас эд хөрөнгөө авран хамгаалах, унтраах, обьектын болон ой, хээрийн гал түймрийн улмаас байгаль, экологи, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн өмч хөрөнгөнд учирч буй хохирлын талаар орон нутгийн телевиз, радио, цахим сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ухуулга сурталчилгаа, сэрэмжлүүлгийг нэвтрүүлсэн.
Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, сэрэмжлүүлэгийг нийт /давхардсан тоогоор/ 72 телевиз, 53 /FM/ радио сувгаар 9434 удаагийн давтамжтай 488 цаг нэвтрүүлж олон нийтэд хүргүүлж, орон нутгийн хэмжээнд зам гудамж талбайд гэрэлтдэг зараар 1917 удаа, 120 цаг дамжуулж, орон нутгийн цахим сайт хаягуудад 14715 удаа, иргэдэд хөдөлгөөнт үүрэн холбоогоор дамжуулан 3154 удаа цахим мэдээлэл хүргүүлж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зурагт хуудас, хэвлэмэл сэрэмжлүүлэгийг 19814651 төгрөгөөр 61928 ширхэгийг шинээр хэвлүүлэн ард иргэдэд тарааж ажилласан байна.
Аймаг, сумын Засаг дарга нартай хамтран аймаг, сум, багийн хэмжээнд ой, хээрийн гал түймэр гарсан үед ашиглах зориулалттай газар нутгийн нэршил, айл өрх, хүн ам, мал, амьтны тоог багтаасан байр зүйн зургийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэн төсөв хөрөнгөний асуудлыг шийдвэрлэн үйл ажиллагаандаа ашиглан ажиллаж байна.
Мөн хуурайшилт ихтэй байсан хаврын улиралд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт 5 удаа, 623.000 төгрөгөөр үүлэнд зориуд нөлөөлөх аргаар бороо оруулах арга хэмжээ авч ажилласан.
Аврах тусгай ангиас 2016 оны 5 сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийг дуустал шүхрийн зааварлагч, шүхэрчин-аврагчийн агаарын ажиллагааны сургалт, үйлдвэрлэлийн дадлага буулт, хэт хөнгөн нисэх төхөөрөмжөөс шүхрээр буух, хэт хөнгөн онгоцны нисгэгч бэлтгэх, нисэгчгүй нисэх төхөөрөмжийн сургалт дадлагыг амжилттай зохион байгуулсан.
Тав. Дүгнэлт
- Орон нутагт Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар орон нутагтаа сум суурин газруудад хяналт шалгалтын чиглэлээр ажиллахад автомашины хүрэлцээ, шатахууны асуудал хүндрэлтэй байдаг тул орон нутагтаа сум бүрт хүрч ажиллах боломжгүй, шалгалтын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээг заагдсан хугацаанд нь газар дээр нь дахин хянаж үзэх боломжгүй байдаг.
- Ой, хээрийн гаралт давтамж ихтэй зарим аймгуудад холбооны хэрэгсэл дутмаг, түймрийн дуудлагаар гарсаны дараа холбоо барих боломжгүй болдог асуудалд анхаарах. Хүчин чадал өндөртэй нэг ижил, төрөл загварын холбооны хэрэгслээр хангах.
- Албан хэрэгцээнд Монгол улсын газрын зургыг шинэчилж хэвлүүлж өгөх.
Зургаа. Санал.
- Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар иридиум утас 1ш байдаг. Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал хүндэрсэн үед холбоо барих боломж хязгаарлагдмал болдог. Хаврын хуурайшилтын улирал эхлэхээс өмнө иридиум утсаар нэмж хангах асуудлыг шийдэрлэх.
- Байгаль, экологи болон байгууллага, аж ажуйн нэгж, иргэдэд учирсан хохирол, гал түймрийг унтраахад гарсан шууд болон шууд бус зардлыг бодитой тооцож төлүүлэх, хэрэг зөрчлийн шалгалтын явц, шийдвэрлэлтэд байнгын хяналт тавьж, буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх, авсан арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх.
- Аврах тусгай анги нь 19 нэгж тээврийн хэрэгсэлтэйгээс тусгай зориулалтын тоноглолтой, албаны шаардлага хангахгүй, эвдрэлтэй 18 тээврийн хэрэгсэлтэй тул алба хаагчдыг тээвэрлэх болон агаарын нисэгчгүй нисэх төхөөрөмжийг зөөвөрлөх зориулалттай туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл байдаггүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө шаардлага хангахгүй болсон тул цахилгаан хөрөөгөөр хангах хүсэлтийг тус тус гаргасныг уламжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас мэдээллээ.