Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн болон говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 14-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд баруун  аймгуудын хойд болон зүүн аймгуудын зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын зарим нутгаар бага зэргийн цас, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын  нутгаар, 25-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.  Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 25-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Ус, цас, шаварт саатсан: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шивэртийн даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 19 км-т/ “Соната-2” загварын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.12.20-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Төв аймгийн Баян сумын Цант багийн “Бөөрийн гол” /сумын төвөөс баруун урд зүгт 13 км-т/ гэдэг газар малчин Б-н 11 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.19-ний өдрийн 1741 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн “Зүүн хужирын бууц” гэдэг газар малчин Б-н 82 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.19-ний өдрийн 1743 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн “Бөгтөрийн усны хүрэн дэл” гэдэг газар малчин Ө-н хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.17-ны өдрийн 1742 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хилчиний 7 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Б-н “Хюьндай старекс” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.20-ны өдрийн 08:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч;

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжийн 2 тоотод иргэн О-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.20-ны өдрийн 12:48 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 93 дугаар гудамжийн 3 тоотод иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.20-ны өдрийн 17:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны 12 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.20-ны өдрийн 19:06 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

                                                  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top