Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Дархадын хотгор, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 30-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн, 31-нд баруун болон төвийн нутгаар, 2017.01.01-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 31,1-р сарын 1,2-нд  зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16  градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Салхит багийн Баянцагаан багийн 3 дугаар гудамжийн 119 тоотод оршин суугч иргэн Г /32 настай, эрэгтэй/ тус сумын Баянцагаан багийн “Баруун моностой” гэдэг газар самар түүж байгаад 2016.11.28-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай дуудлагыг 2016.12.07-ны өдөр хүлээн авч 2016.12.12-ны өдөр хүртэл эрэн хайсан бөгөөд үр дүнд хүрээгүй бөгөөд ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрэн хайх ажиллагааг түр зогсоосон боловч дахин эрэн хайх хүсэлтийг 2016.12.24-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай, байгаль хамгаалагч 3, ар гэрийн 5 хүн, нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг тус сумын Баянцагаан багийн “Тогоот” гэдэг газраас Баруун моностой, Зүүн моностой уулаар явганаар 15 км газар, 2 хэсэгт зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 2016.12.28-ны өдрийн 18:30 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон.

Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн “Аргалантын дөрөлж” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/  9 зорчигчтой, “Бонго” загварын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 2016.12.28-ны өдрийн 19:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автошашинтай ажиллаж,  35-40 насны 2 том хүн, 6-14 насны 7 хүүхэд нийт 9 хүнийг аварч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Аврах ажиллагаа: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, иргэн Б-н ногооны талбайд байрлах ногооны зооринд ногоо ялгаж байсан 3 хүн нас барсан тухай дуудлагыг 2016.12.28-ны өдрийн 19:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  41 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автошашинтайгаар ажиллаж, иргэн А /52 настай, эрэгтэй/, Ж /51 настай, эмэгтэй/, Ч /30 настай, эмэгтэй/ нар угаартаж нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Объектын гал түймэр

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудлын автобусны буудлын хажууд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.28-ны өдрийн 11:23 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны 7 дугаар гудамжийн 4 тоотод 800 гаруй боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.28-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжийн 208 тоотод иргэн Н.Баянгийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.28-ны өдрийн 21:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 11 дүгээр гудамжийн 208 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.28-ны өдрийн 21:54 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Хантай” ХХК-ийн цементний үйлдвэрийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.12.29-ний өдрийн 03:34 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Булган аймгийн Булган  сумын  5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.28-ны өдрийн  10:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 20 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай;

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн “21 дүгээр зуун” хорооллын 5 дугаар гудамжийн 10 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.28-ны өдрийн 14:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн автозамын зорчих хэсэгт “Киа Спектра” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.28-ны өдрийн 18:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Түшлэг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 31 км-т/ Улаанбаатар-Замын-үүд чиглэлийн автозамын зорчих хэсэгт “Тоёота Эстима” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.28-ны өдрийн 23:35 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал  түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 албан хаагч,1 автомашинтай ажиллаж унтраасан.

Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Ходоодын ам” гэдэг газар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн  сувилалын байшин, фремийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.28-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай Анагаахын шинжлэх ухааны үндэсний  их сургуулийн  сувиллын манаачийн 10х8 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top