Нийслэлийн хэмжээнд аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын нийт 42 дуудлага ирж, объектын гал түймрийн 38, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 4 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюулд өртөж угаартсан 1 хүнд эмнэлэгийн анхан шатны тусламжийг үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч амь насыг нь авран хамгаалав.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Шалгалт зохион байгуулах тухай” А/89 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус газраас томилогдсон Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламжийн галын аюулгүй байдал, үзвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдийн пиротехникийн хэрэгслийн худалдаанд хяналт тавьж, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлсний үр дүнд эрүүл мэндээрээ хохирсон, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Дээрхи хугацаанд гарсан ахуйн болон техникийн холбогдолтой ослын нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.