Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний довтолгооны шатны улсын аварга, Солонгос улсад болсон ГСТОТС-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ багийн тамирчин, спортын мастер, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч С.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Гал унтраах техникийн олон төрөлт спорт жинхэнэ авхаалж самбаа, ур чадвар, басхүү эр зориг шаардсан хүнд спорт. Яагаад энэ спортыг сонгож хичээллэх болсон юм бэ? -Намайг хүүхэд байхад манайх хуучнаар галын газартай их ойрхон байлаа. Тиймээс би галын газрын урдуур их явна. Тэгэхэд галын ах нар гүйгээд л, бэлтгэл хийж байгаа харагдана. Бэлтгэл хийхийг нь их харна. Тэр өндрөөс яаж бууж байгаа нь их сонин санагддаг байлаа. Тэгээд цэрэгт явж ирсэн жилээ Галын газарт шалгалт авч байна гэж дуулаад л шалгалтыг нь өгөөд гал сөнөөгчөөр анх ажилд орсон доо, 2002 онд. Харин ажилд оруут ах нар дагуулж бэлтгэлд гарснаар энэ спортоор хичээллэж эхэлсэн.
-Хамгийн анх ямар тэмцээнд орж, ямар амжилт үзүүлж байв? -Хамгийн анх 2003 онд Өмнөговь аймагт бүсийн аварга шалгаруулах тэмцээнд орж байсан юм. Тэр тэмцээнээс медальгүй хоцроод уйлж байлаа. Би, одоо энэ Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч Далхжав, өөр хоёр залуугийн хамт дөрвүүлээ шинэ хүмүүс бэлтгэлд гарсан юм. Бид байлдааны тархалтын төрөлд баараггүй медаль авна гэж байсан чинь арын помп дээр байсан хүн маань алдаа гаргаад медальгүй хоцорсон доо.
-Тэгвэл хаанахын ямар тэмцээнээс анхныхаа медалийг авав?-Хоёр жилийн дараа 2005 онд Архангай аймагт болсон бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа авч байлаа. Түүнээс хойш таван бүсийн аваргад манай баг тамирчид тасралтгүй түрүүлсэн. Өмнө нь бас гурван удаа түрүүлж байсан юм билээ. Тэгэхээр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид бүсийн аварга шалгаруулах тэмцээний найман удаагийн аварга юм. Харин 2012, 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд хоёуланд нь хоёрдугаар байрт орж байсан.
-Залгамж халаагаа хэр бэлтгэж байгаа вэ? -Одоо манай багийн 50 хувь нь залуучууд байна. Миний үеийн дөрвөн хүн байна. Үлдсэн нь дан залуучууд. -Тамирчин хүний амжилтын үндэс нь бэлтгэл сургуулилт. Тэгэхээр та бүхэнд бэлтгэл сургуулилт хийх боломж хэр байдаг вэ? -Бэлтгэл сургуулилт хийх боломж байлгүй яахав. Манай дарга энэ спортыг хөгжүүлэх, бэлтгэл сургуулилт хийх материаллаг баазыг сайн бэлтгэж өгдөг. Тийм ч учраас бид сайн амжилт гаргадаг гэж боддог.
-Монгол Улсын шигшээ багийн тамирчин болно гэдэг хэрийн хүнд олдох боломж биш болов уу. Ямар шалгуураар шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байв?-2012 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний дараа эхний 15 тамирчныг хотод аваачиж, 2013 оны хавар сорилго авсан юм. Тэндээсээ шигшиж, эхний есөн хүнийг шигшээ багт шалгаруулан авч, 2013 онд Солонгос улсын Жинжү хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд авч явсан юм. Би тэр багийн бүрэлдэхүүнд багтаж, дэлхийн томчуудтай өрсөлдөж үзсэн дээ.
-Тэнд ямар амжилт үзүүлэв. Гадны тамирчидтай харьцуулахад манай тамирчдын ур чадвар хэр байв?-Уг нь бол гайгүй. Гэхдээ мундагуудтай харьцуулахад бол тааруу л байсан. Миний харснаар хөрөнгө санхүүгийн асуудал бас нөлөөтэй санагдсан. Байнга түрүүлдэг ОХУ, Белорусийн баг тамирчдыг харахад хүн тус бүр нь өөр өөрсдийнхөө шатыг авч явдаг. Тухайн ачааных нь зардлыг цаанаас нь даадаг юм шиг байна лээ. Асууж үзээгүй л дээ. Ямар ч байсан хүн бүр өөр өөрсдийнхөө шаттай л явдаг. Гэтэл манайхан болохоор дундаа ганц шаттай. Нөгөө ганц шатандаа энд бүгдээрээ бэлтгэл хийхэд хэцүү шүү дээ. Тиймээс шатандаа сайн дасдаггүй тал бий.
-Шат л бол шат биш үү. Өөрийн дассан шат өөр шат хоёр их ялгаа байх уу? -Үгүй ээ арай ондоо байдаг юм. Хүний өөрийн яваад сурчихсан шат ондоо шүү. Хүмүүс хөндлөнгөөс харахад шат л бол шат харагдах байх л даа. Гэхдээ хүнд хөнгөний хэмжээ, өргөн нарийний хэмжээ ч харьцангуй. Манай улсын тамирчдын хувьд дэлхийд амжилт гаргах нь багийн төрөл болов уу гэж бас боддог. Солонгосын дэлхийн аваргад бид багаараа есдүгээр байрт орсон. Хувийн амжилтаараа манай олон улсын хэмжээний мастер Энхбат Монгол Улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон.
-Спортын мастер цолыг хэзээ авав? -2011 онд спортын дэд мастер цолыг аваад, 2013 оны нэгдүгээр сард спортын мастер цолоо авсан. Улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 14 удаа оролцсоноос дэд мастерийн болзлыг дөрвөн удаа, мастерийн болзлыг хоёр удаа давтан биелүүлж байж 2013 онд мастер цолоо авсан даа.
-Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэхийн давуу тал нь юу вэ? -Мэргэжилтэй минь нэлээд холбоотой. Аврах ажиллагааны үед түргэн шуурхай саадыг давах, өндөрт гарахад сургаж дадлагажуулах сайн талтай. Ер нь залуучууд энэ спортоор хичээллэж байхад буруутахгүй. Ялангуяа манай албанд орж байгаа залуучууд. Гэхдээ зарим хүний хувьд биеийн онцлогоос шалтгаалаад хурд дутагдах энэ тэр асуудал гардаг.
-Нэлээд хүнд хэцүү бэлтгэл сургуулилт хийдэг. Шантрах үе байв уу? -Байлгүй яахав. Анх бэлтгэлд гарч байхдаа үнэндээ хэцүү юм гэж бодож байсан. Тухайн үед бид олон улсын хэмжээний мастер Ганболд багшийг манайх авчирч дасгалжуулагч хийлгэсэн юм. Тэр гурван сарын бэлтгэл санаанаас ердөө ч гардаггүй. Тэгэхэд бэлтгэл гэж ийм юм байдаг юм байна гэж утгаар нь мэдэрч байлаа. Тэрнээс хойш манай тамирчид илт сайжирч, амжилт гаргаж эхэлсэн.
-Хүний амьдралд баярлаж, гомдох үе бишгүй дээ л тохиолддог. Хамгийн их баярлаж байсан мөчөө дурсвал? -2014 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд довтолгооны шатны төрөлд түрүүлчихээд маш их баярлаж байсан. Ганц зорьж байсан зорилгоо биелүүлсэн дээ.
-Сэтгэлийн хөдөлгөөнөө хэр ил тод илэрхийлдэг вэ? -Би их дотогшоо талдаа. Айхтар эмоци гаргаад байдаггүй.
-Гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлсэн гэдэг. Анх галын дуудлагаар явсан үеэ дурсвал? -Гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлээд одоо гал унтраах автомашины жолоочоор ажиллаж байна. Анх айл шатаж байгаа дуудлагаар явж үүрэг гүйцэтгэж байлаа. Тэгэхэд манайхан зүгээр л тэр гал руу яваад орчихож байгаа юм шиг санагдсан. Их аймаар байсан шүү.
-Энэ хугацаанд хэчнээн дуудлагад явсан бол. Тоолж үзэж байв уу? -Тэрийг ёстой тоолж үзэж байсангүй ээ. Ямар ч байсан 100 гаруй дуудлагад хангалттай гарсан байх аа.
-Тэгвэл таны бахархал гэвэл? -Мэдээж юуны түрүүнд төрүүлж өсгөсөн аав, ээжээрээ бахархдаг. Мөн албаараа бахархдаг. Энэ албанд орж, энэ олон сайхан аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаагаараа бахархдаг. Бидний алба хүнд амьдрал бэлэглэдэг сайхан алба.