Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир, Дорнод, Дарьгангын тал нутгаар  18-23 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 19-21 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын  хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Ус, цас, шаварт саатсан:  Төв аймгийн Эрдэнэ сумын “Баруун шохойн адаг” гэдэг газар иргэн А-н “Тоёота Приус 20” загварын 4 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.18-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 4 албан хааг, 1 автомашинтай ажиллаж, иргэн М /26 настай, эрэгтэй/, А /26 настай, эрэгтэй/, Г /26 настай, эрэгтэй/, Э /26 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хоёр даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 22-км-т /иргэн Д-н “Пажеро” загварын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.01.19-ний өдрийн 03:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 40 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Д /50 настай, эрэгтэй/,  Г /36 настай, эрэгтэй/, Ж  /50 настай, эрэгтэй/, Х /50 настай, эрэгтэй/, Н /18 настай, эрэгтэй/, Д /19 настай, эрэгтэй/, Г /13 настай, эрэгтэй/, А /7 настай, эрэгтэй/ нарын 8 хүнийг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

Аврах ажиллагаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэсэн дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыг  2017.01.13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 3 автомашин, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаны 3 албан хаагч 1 автомашин, ар гэр болон орон нутгаас 40-н иргэн 6 автомашин, нийт 61 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж байна. 2017.01.18-ны өдрийн байдлаар цооног болон хиймэл нуурын усыг соруулж дууссан, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг Чандмань гэдэг газар 2017.01.15-ны өдрийн 20:00 цагт булгийн ус задарч халиа гүйсний улмаас улсын чанартай зам гүүр, тус багийн 1, 2 дугаар гудамжийн айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 2017.01.17-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 хүн, дүйцүүлэх албаны 5 хүн, “АЗЗА” ХХК-ийн 15 ажилтан, 2 автомашин, нийт 65 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 200 м газар усны урсгалыг өөрчилж суваг татан, 20 тн шороо асгаж далан босгох ажлыг хийж гүйцэтгэсэн.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо Ч-н уурхайн 70 метрийн гүнд 1 хүн нурангид даруулсан тухай дуудлагыг 2017.01.19-ний өдрийн 06:25 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагааг зохион байгуулж, иргэн Б /48 настай, эрэгтэй/ шаварт дарагдаж нас барсан байсныг гаргаж Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Морьт багийн “Бор өндөрийн гэзэг” гэдэг газар малчин Б-н хонинд малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.13-ны өдрийн 17206 дугаар хариугаар “Хонины цэцэг ” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Ар сүүж” гэдэг газар малчин Д, Ц нарын 31 хонинд малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.14-ний өдрийн 17-217, 17-218 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Цагаан өндөр” гэдэг газар малчин Т-н 20 хонинд 2017.01.11-ний өдөр малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.16-ны өдрийн 17225 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох ньl;

Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн “Доод-Өл” гэдэг газар малчин Н-н үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.17-ны өдрийн 17-215 хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжийн  298 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.18-ны өдрийн 05:52 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 11 дүгээр гудамжийн 1190 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.18-ны өдрийн 15:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 17 дугаар гудамжийн 493 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.18-ны өдрийн 20:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч;

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Г-ын 4 дүгээр гудамжийн 119 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.18-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчны 51 дүгээр гудамжийн 21 тоотод иргэн З-н “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.19-ний өдрийн 06:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч;

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн Мандалын 16 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Б-н “Фургон” автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.18-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  25 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top