Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн зарим газраар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.                      
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж,  явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 25-30 градус, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Эг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с. 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхи 12-14 м/с хүрч ширүүснэ. 22-ноос нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа,  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Ус, цас, шаварт саатсан: Архангай Ихтамир сумын Борт багийн “Өлзийт булан” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т улсын дугаартай ”Синотрик” загварын автомашин 2 зорчигчтой Хануйн голд  мөс цөмрөөд суусан тухай дуудлагыг 2017.01.19-ний өдрийн 01:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2016.01.19-ний өдрийн 12:00 цагт татан гаргасан.

Аврах ажиллагаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэсэн дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыг  2017.01.13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 3 автомашин, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаны 3 албан хаагч 1 автомашин, ар гэр болон орон нутгаас 40-н иргэн 6 автомашин, нийт 66 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж байна. 2017.01.19-ний өдрийн байдлаар цооног болон хиймэл нуурын усыг соруулж дууссан, аврах ажиллагаа үргэлжилж байна.

Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг Чандмань гэдэг газар 2017.01.15-ны өдрийн 20:00 цагт булгийн ус задарч халиа гүйсний улмаас улсын чанартай зам гүүр, тус багийн 1, 2 дугаар гудамжийн айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 2017.01.17-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 52 албан хаагч, 3 автомашин, АЗЗА ХХК-наас 45 ажилчин,  6 автомашин, 1 трактор, орон нутгийн 62 иргэн, 1 автомашинтай, цэргийн дүйцүүлэх албанаас 5 иргэн, нийт 183 хүн, 12 автомашин, 1 трактор ажиллаж 600 метр газарт суваг татаж, 2017.01.19-ний өдрийн 14:30 цагт 1,5 метрийн гүнээс усны ундрагыг гаргаж голдрилд нь оруулан “АЗЗА” ХХК-ны захиралд хүлээлгэн өгсөн.

3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 16 дугаар гудамжийн 642 тоотод иргэн Б-ийн 2 байшингийн завсарын хананууд шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.19-ний өдрийн 11:01 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;   

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоо өгсөөд иргэн М-ийн граж шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.19-ний өдрийн 11:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 630 тоотод иргэн П-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.19-ний өдрийн 12:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хангайн 16 дугаар гудамжийн 21 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.19-ний өдрийн 12:32 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 70 дугаар гудамжийн 13 тоотод иргэн Ч-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.19-ний өдрийн 17:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн 14 дүгээр гудамжийн 8 тоотод иргэн Ө-ийн усан сан /сэндвичин барилга/ шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.19-ний өдрийн 09:36 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Хөвсгөл аймгийн  Тариалан сумын Мандал багийн Гахайн хонхорын 10 дугаар гудамжийн 18 тоотод иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.19-ний өдрийн 20:10 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Тариалан суман дахь Гал унтраах, аврах 46 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн задгайд иргэн Ж-ийн “Тоёота Prado-95” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.19-ний өдрийн 22:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top