Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа                                                  
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгаар, 26, 28-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25, 27-нд ихэнх нутгаар, 26, 28-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 28-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт  багийн Алтан-Улиас гэдэг газар /Мөрөн сумаас баруун зүгт 10 км-т/ малчин Н /66 настай, эрэгтэй/ 2017.01.24-ний өдрийн 19:00 цагаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.01.24-ний  өдрийн 02:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Аврах ажиллагаа: Өмнөговь аймгийн  Цогтцэций сумын /Өгөөмөрийн 4-р баг/ “Наймтын хөндий” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ Улаанбаатараас Цогтцэцийн чиглэлд зорчиж байсан ”Spasio” загварын улсын дугаартай суудлын аютомашинтай иргэн О /42 настай, эмэгтэй/, Б /40 настай, эмэгтэй/, М /52 настай, эрэгтэй/, О /47 настай, эрэгтэй/ нарын машин саатаж явах боломжгүй, төөрсөн тухай дуудлагыг 2017.01.23-ны өдрийн 05:30 цагт хүлээн авч. Тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 44-р ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.01.23-ны өдрийн 07:20 цагт олж аюулгүй газар хүргэн өгсөн. Төөрсөн иргэдэд хөлдсөн, хайрагдсан хүн байхгүй, биеийн байдал хэвийн байлаа.

3. Объектын гал түймэр:

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18 дугаар гудамжийн 582 тоотод иргэн Л улсын дугаартай “Дайхацу хайжет” загварын бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.23-ны өдрийн 22:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 1 дүгээр гудамжийн 23 тоотод иргэн У байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.23-ны өдрийн 22:27 цагт хүлээн авч тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 31 дүгээр гудамжжийн 456 тоотод иргэн Б гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.24-ний  өдрийн 02:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Тээвэрчдийн 11 дүгээр гудамжийн 5А тоотод иргэн У гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.23-ний өдрийн 11:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 12 албан хаагч, 2 автомашинтай;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань-Илч” ХХК-ийн авто граш, “Т-150” загварын гинжит трактор шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.23-ны өдрийн 20:18 цагт хүлээн авч.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top