Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 24-29 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг  нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Хангайн уулархаг нутаг, Туул, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 2 сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөл уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө  0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа

Аврах ажиллагаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэсэн дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыг  2017.01.13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус газрын алт олборлогч “Улз гол” ХХК-тай зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажлыг 2017.01.27-ны өдрийн 16:30 цагаас тус компанийн 20 ажилтан, 4 автомашин, аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 1 албан хаагч, нийт 30 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр дахин эрлийн ажиллагааг эхлүүлж нуурын мөсийг хагалж автомашинаар 156 тэвшийг зөөвөрлөж 2017.01.29-ний өдрийн 17:10 цагт цогцсуудыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

3. Тээврийн хэрэгслийн осол:

Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн Загастайн даваанд Улиастай сумаас Тэлмэн сумын чиглэлд зорчиж явсан Верна-Аксент загварын 5 зорчигчтой автомашин осолдож татаж гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2017.01.29-ний өдрийн 02:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж осолдсон автомашиныг татан гаргаж, тус автомашины жолооч Н /26 настай эрэгтэй/ газар дээрээ нас барж 3 иргэн хүндэвтэр, 1 иргэн хөнгөн гэмтэлтэй байсныг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Алтанговь” зочид буудлын урьд талын зам дээр Улаанбатараас “Таван толгойн” уурхайн чиглэлд зорчиж явсан “Бенз” загварын шаланз автомашин, Портер загварын автомашинтай мөргөлдөж   автомашины эд ангид 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 01:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж Портер загварын автомашины жолооч Н /27 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Телевизийн автобусны эцсийн буудлын хойд талын авто замын зорчих хэсэгт зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна  гэсэн дуудлагыг 2017.01.30-ны өдрийн 05:01 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж ЗИЛ-130 загварын ачааны автомашины араас “Субару” загварын суудлын автомашин мөргөж иргэн Э /45 настай, эрэгтэй/ машины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн тус дүүргийн замын Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

4.Объектын гал түймэр

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ухаа хушууны 1 дүгээр гудамжийн 4А тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.29-ний 09:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top