-Нэр хүндтэй шагналын эзэн болсонд тань баяр хүргэе.
-Баярлалаа. Энэ шагналыг би чадварлаг удирдлага, сайхан хамт олныхоо дэмээр хүртлээ. Тэгэхээр энэ бол зөвхөн надад бус Завхан аймгийн Онцгой байдлын газрын хамт олныг үнэлж хүртээсэн шагнал юм. Нэг ёсондоо Завхан аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Баатар боллоо.
Мөн надад ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл, урам зориг өгч, нөгөө талаараа ихийг хийж бүтээ гэсэн хариуцлага оногдож байна гэж ойлгож байгаа.
-Амаргүй ажил үүрэгтэй аврагч хүний ажлын онцлогийг цөөн үгээр тодорхойлооч?
-Аврагч байна гэдэг таних, танихгүй, хөгшин залуу ялгалгүй аюул эрсдэлд орсон хэн бүхнийг аврахын төлөө зүтгэх үүрэгтэй амаргүй алба. Ийм амаргүй албанд та нэгэнт зүтгэхээр шийдсэн л бол ард иргэд, нутаг орныхоо бүрэн бүтэн, амгалан тайван байдлын төлөө үргэлж өөрийгөө бэлтгэж, бие болоод сэтгэлзүйн хувьд ямарч үед бэлэн байж чаддаг байх хэрэгтэй. Аврагч хүн бусдаас арай л илүү тэвчээр хатуужилтай байх ёстой. Тийм ч учраас аврагч гэдэг нэг аавын хүү биш нийт ард түмний хүү нь байдаг.
-Олон жил аврагч хийсэн хүний хувьд сэтгэлээс тань гардаггүй “онцлох дуудлага” гэж байна биз?
-Байлгүй яахав. Манай аймаг говь, хангай хосолсон өндөр уулс ихтэй, нуур цөөрөм, түргэн урсгалт голуудтай, улсын болон орон нутгийн чанартай өндөр даваануудтай, зундаа үер усны дуудлага, өвөлдөө цас их унадаг учир цас, усанд суусан дуудлага ихтэй.
Хавартаа шар усны үерийн дуудлага мөн ихтэй аймаг л даа. Тийм болохоор олон удаа амь өрссөн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байлаа.
Нэг удаа Чигэстэй багт бензиний 10 тоннын ёмкост хоёр иргэн унасан гэсэн дуудлагаар очиж, ёмкост орж нэг иргэнийх нь амийг аварч байлаа. Тэр үед Онцгой байдлын алба маань байгуулагдаад удаагүй байсан юм. Багаж хэрэгслийн хангамж дутмаг. Тэгээд аврах баггүй орсон учраас амьсгал давчдаад, толгой эргээд бараг ухаан алдах дөхсөн.
Мөн 2006 онд “Дэвшил” сургуулийн зааланд гарсан томоохон хэмжээний гал түймрийн дуудлагаар очиход гал тархсан, цонолт их байсан. Би нэг ноймерийн үүрэг гүйцэтгэсэн. Онцгой байдлын газрын маань бүрэлдэхүүн цугларч, шатаж байгаа обьектын хажууд байрладаг бусад обьектуудыг хамгаалан задаргаа хийж, бүтэн 72 цаг ажиллаж байлаа.
Мянган өдөр тэжээж, нэг өдөр ашиглана гэдэг үгийг тэр үед утгаар нь ойлгосон доо. Харин өнгөрсөн оны наймдугар сард Чигэстэй гол 1,5 м-ээр нэмэгдэж, эргээсээ 10-20 метр хальж үерлэсэн үеэр трактортой иргэн голоор гарах гэж байгаад трактор нь усанд унаж далд орсон, өөрөө тракторынхоо дээр гараад суучихсан байсныг аварсан.
Энэ ажиллагаа санаанаас ер гарахгүй байгаа юм. Яагаад гэвэл тэр үе үүссэн нөхцөл байдал их хүнд, гол үерлэсэн маш түргэн урсгалтай учир аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан. Ер нь аврагч хүний ажил их эрсдэлтэй. Гэхдээ бас бахархалтай. Хүний амь аварчихаад хүмүүсийн баярын нулимсыг хараад зогсч байхдаа албаараа өөрийн эрхгүй бахархаж байдаг. Онцгой байдлын алба гэдэг үнэхээр л буянтай алба шүү.
Гал ус, бусад гамшиг ослын үед осолдсон цогцостой ажиллахад эвгүй мэдрэмж төрөх нь бий ч Төрийн минь сүлд толгой дээр байгаа болохоор янз бүрийн айдас төрдөггүй ээ.
-Энэ албанд ажиллах хугацаандаа хэдэн хүний амь нас, эд хөрөнгийг аврах хамгаалсан бол. Тоолж үзэж байв уу?
-Онцгой байдлын албандаа үүрэг гүйцэтгээд 14 жил болж байна. Энэ хугацаанд ойролцоогоор 100 гаруй хүний эрдэнэт амь, дөрвөн тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг гал, усны аюулаас авран хамгаалсан.
Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд, Онцгой байдлын албанаас төрөл бүрийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг мэдээ болон ямар нэгэн гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг аврах, тусламж үзүүлэх талаар сургалт, сурталчилгаа их хийж байгаа боловч иргэд маань тэр бүрийг амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй байгаа нь харамсалтай санагддаг.
-Аврагч хүнд зайлшгүй байх ёстой зан чанар,бас байж боломгүй зан чанар гэж байх болов уу?
-Аврагч хүн богино хугацаанд нөхцөл байдлыг үнэлж, шийдвэр гаргаж чаддаг, оновчтой сэтгэдэг байх ёстой. Зарим үед үнэхээр хүнд нөхцөл байдлын дунд үүрэг гүйцэтгэдэг учраас сэтгэл хөдлөлөө барьж чаддаг байх ёстой. Тэгж чадахгүй онц ноцтой дуудлага дээр оччихоод олныг дагаад үймрээд сандраад байх юм бол аврах биш авруулах юм болно шүү дээ. Тиймээс өөрийнхөө болон өрөөлийн сэтгэл зүй болоод бие мах бодид санаа тавих, хянах, авран хамгаалахад анхаарлаа төвлөрүүлж, сэтгэлзүйн хувьд тогтвортой, биеийн хөдөлгөөний хувьд түргэн шуурхай байх ёстой.
Аврагч хүнд байх ёсгүй зан бол дээр хэлсэнчлэн сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргах, сандрах, болхи удаан байх гэж бодож байна.
-Ингэхэд яагаад Онцгой байдлын албатай хувь заяагаа холбож орхив оо?
-2003 онд Гал түймэртэй тэмцэх алба гэж байхад нь анх ажилд орж байлаа. Манай аймагт зохиогддог бүх төрлийн тэмцээн уралдаанд дандаа л Гал түймэртэй тэмцэх албаны ах нар түрүүлж байх. Тэгээд тэдэн шиг болж, энэ албанд орж ажиллах юмсан гэж мөрөөддөг байсан юм. Одоо эргээд харахад би мөрөөдлөө биелүүлсэн. Яг явах ёстой замаараа л явж байна гэж боддог.
-Таны бахархал гэвэл?
-Хүн өөрт байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйлээ бахархал гэж нэрлэдэг байх гэж боддог. Миний бахархал бол аав ээж, гэр бүл, ажил минь юм. Миний хань Онцгой байдлын албанд надтай хамт мөр зэрэгцэн ард иргэдийнхээ аюулгүй, амгалан тайван байдлын төлөө тангараг өргөн зүтгэж явна. Ханьтайгаа хамт нэг албанд нэг зорилготой мөр зэрэгцэн алхаж яваа болохоор бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Бид хоёр охинтой өнөр өтгөн гэр бүл.
Ажилдаа яарч ирдэг, гэр рүүгээ яарч харьдаг хүнийг жаргалтай хүн гэдэг гэж сонсож байсан. Тэгэхээр би жаргалтай хүн байгаа биз? /инээв/
Бидний амьдрал, албатай холбоотой бас нэг бахархмаар салшгүй нэг зүйл бол хурд хүч, авхаалж самбаа юм. Жил бүр Зэвсэгт хүчний баяраар болдог Марш тактикийн тэмцээн жинхэнэ бидний хурд хүч, авхаалж самбааг шаарддаг тэмцээн байдаг. Энэ тэмцээнд жил бүр оролцож 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан минь бас нэг бахархал минь юм.
-Хүний амьдралын хамгийн эрхэм зүйл таныхаар юу вэ?
-Идээ будаагаар дүүрэн боловч хэрүүл уруултай гэр орноос амар тайван орчинд хатсан талхны хэлтэрхий дээр гэж үг байдаг. Тийм болохоор хүн гэр бүлдээ, байгаа орчиндоо амар тайван, эрүүл энх, хайр дүүрэн байх нь эр хүнд бүхнийг хийж чадах тийм их хүч чадал, энерги өгдөг. Тэр утгаараа бусдад амь амьдрал, амгалан тайвныг бэлэглэдэг бидний алба бахархахгүй байхын аргагүй алба гэж боддог.
Тиймээс Онцгой байдлын албаны мөрдөс нэгт хамт олон болон Завхан аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүндээ Гал түймэртэй тэмцэх байгууллага байгууллагдсаны 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Ш.ТӨГӨЛДӨР