Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан зүүн аймгуудад ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн энэ сарын 01, 02-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан сумдад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, аймаг, сумын Онцгой комиссыг хуралдуулан үүрэг, чиглэл өглөө.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Эрдэнэцагаан сумын гурван голомт, Асгат сумын гурван голомтод малын гоц халдварт шүлхий өвчнөөр 133 толгой мал өвчилснөөс 113 толгой малыг зориудын аргаар устгаж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Аймгийн хэмжээнд хорио цээр, халдваргүйтгэл, устгалын ажилд нийт 123 албан хаагч, 31 автомашин ажиллаж байгаагаас ОБГ-аас 35 албан хаагч, 5 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Аймаг, сумын хэмжээнд суурин 9 пост, хөдөлгөөнт 12 пост ажиллаж хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дорнод аймгийн Матад суманд ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.