Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурал 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Энэхүү хууль нь нийтлэг үндэслэл, гамшгийн өмнөх үйл ажиллагаа, гамшгийн үеийн үйл ажиллагаа, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлага, гамшгаас хамгаалах удирдлагын бүрэн эрх, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, гамшгаас хамгаалах хүмүүнлэгийн тусламж, онцгой байдлын байгууллага, түүний алба хаагчийн эрх зүйн байдал, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт, бусад зүйл гэсэн 11 бүлэг, 52 зүйлтэй бөгөөд шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад 45 хуульд нэр томьёоны шинэчлэлтэй холбогдуулан өөрчлөлт оруулсан байна.
Энэ хуулийн зорилго нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах зөвлөл, онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, сайн дурын хэсэг, иргэний оролцоог уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх харилцааг зохицуулахад оршиж байна.
Шинэчлэн баталсан хуульд дараахь зарчмын шинжтэй зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон. Үүнд:
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэл, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, гамшгийн хор уршгийг арилгах, голомтын бүс, гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах, гамшгийн хор уршиг, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг зэрэг хуулийн нэр томьёоны тайлбарыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашигладаг олон улсын нэр томьёоны тайлбартай өөрийн орны онцлогт нийцүүлэн шинээр оруулснаар энэхүү хуулийг цаашид дагаж мөрдөх, ойлгож хэрэглэх асуудлыг нэгдсэн ойлголтод оруулсан;
2.Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа хүмүүнлэг, шуурхай, ил тод, хариуцлагатай байх, мэргэжлийн нэгдмэл удирдлагатай байх, шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацид тулгуурласан байх, өмчийн хэлбэрийг үл харгалзах, иргэдийн оролцоонд тулгуурлах зарчимд тулгуурлахаар шинээр томьёолсон.
3.Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь гамшгийн өмнөх, гамшгийн үеийн, гамшгийн дараахь хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаа гэсэн үе шатуудаас бүрдэхээр нарийвчлан зааж, зааг ялгаатай тодорхойлсон;
4.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх бүхий субьектүүдийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлж, зохион байгуулах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах үндэсний болон орон нутгийн зөвлөл, онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэний бүрэн эрх, чиг үүргийг илүү тодорхой болгох эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн тусгасан.
5.Гамшгаас хамгаалах сургалтын ангилалыг шинээр тодорхойлж, сургалт /сурталчилгаа, олон нийттэй харилцах/ явуулах субьектүүдийн зааг, ялгааг нарийвчлан тодорхойлсон;
6.Хуулийн наймдугаар бүлэгт хойшлуулшгүй сэргээн босгох дотоодын болон гадаадын хүмүүнлэгийн тусламжийн талаархи эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгасан.
7.Монгол Улсын “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалахын багц хуулиудын үзэл санаа, заалтуудтай нийцүүлэн онцгой байдлын байгууллага нь гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн гэж тодорхойлж, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, штаб, бүсийн төв, төв, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбар, олон улсын болон агаарын эрэн хайх, аврах баг, соёл урлаг, спорт, судалгаа шинжилгээ, сургалт-үйлдвэрлэл, туршилтын болон бусад /эрэлч нохойн алба, сэтгэл зүй, сэргээн засах төв гэх мэт/ нэгжтэй байхаар заасан;
8.Онцгой байдлын байгууллагыг улс төрөөс ангид байлгах, тогтвортой байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын байгууллагын дарга, тэргүүн дэд дарга нь цэргийн дээд цолтой байхаар заасан.
9.Онцгой байдлын байгууллагын тогтолцоо, чиг үүргийг шинээр томьёолон оруулж, төрийн цэргийн байгууллагын хувьд нэгдмэл байх зарчимд нийцүүлэн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу алба хаагчдын эрх зүйн байдал, баталгааг төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын нэгэн адил болгон, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн бусад баталгааг эдлэхээр болсон.
10.Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгох, онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгож болох, мөнгөн урамшуулал олгох асуудлыг Засгийн газрын баталсан журмаар зохицуулах, онцгой байдлын байгууллагын алба хаагчийн алба хаасан 6 сар тутмыг 8 сард дүйцүүлэн тооцох, онцгой нөхцлийн нэмэгдэл 20 хувиас доошгүй байх, цэргийн мэргэжлийн зэрэгтэй байх, алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох зэрэг алба хаагчийн өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх эрх зүйн баталгааг бий болгосон.
11.Төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жил батлагдсан төсвийн 1.0 хувийг, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд төлөвлөж зарцуулах, аймаг, нийслэл, сум дүүрэг нь тухайн жилийн батлагдсан төсвийн 1.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулах зохицуулалтыг тодорхойлсон.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Хүүхдийн эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын тогтоолоор хууль санаачлагчид нь буцаасан болно.
Энэ хууль батлагдсанаар гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн нэр томьёог хэрэглэх нэгдсэн ойлголт бий болох, гамшгаас хамгаалах удирдлага, зохицуулалтын механизм бүрдэж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо нэмэгдэх, удирдлагын субьектүүдийн бүрэн эрхийн зааг, ялгаа оновчтой тодорхойлогдож, хоорондын уялдаа холбоо, хариуцлага, хяналтын тогтолцоо сайжрах, гамшгийн өмнөх, гамшгийн үеийн, гамшгийн дараахь үйл ажиллагааны эрх зүйн үндэс бүрдэж гамшгийн эрсдэл буурах, гамшгийн үеийн хойшлуулшгүй сэргээн босгох хүмүүнлэгийн тусламж, түүнийг зохицуулахтай холбогдон гардаг хүндрэл, бэрхшээл арилах, онцгой байдлын байгууллагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл тодорхой болж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний шуурхай байдал хангагдах, онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа сайжрах зэргээр гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчин боловсронгуй болж, гамшгийн эрсдэл буурсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР