Капитал банк галд өртөөгүй

91d57a00a001cb66original-351x185-1.jpg

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн эцэст байрлах “Well mart” дэлгүүрт их хэмжээний гал гарсан гэх мэдээллийн дагуу НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Ботаникийн эцэст байрлах “Well mart” дэлгүүрт их хэмжээний гал гарч байна гэх дуудлага НОБГ-т шөнийн 02.50 минутанд ирсэн. Дуудлагын дагуу гал унтраах ангийхан очиход 24х46 метрийн талбайтай гурван давхар барилгын хоёр давхарт гал гарсан байдалтай байсан. Галын тархац болон утаа ихтэй байсан бөгөөд утаа зайлуулах боломжгүй байсан. Иймээс албан хаагчид хорт утааны эсрэг баг ашиглан галыг унтраасан. Ингэхдээ гал унтраах 10, 14, 63, 35 дугаар ангиудын нийт долоон тасгийн албан хаагчид 11 машинтайгаар зургаан цагийн турш ажиллаж галыг бүрэн унтраасан“ хэмээлээ. Мөн тус дэлгүүрийн нэг болон гурван давхарт гал оруулалгүй, бүрэн аварч чадсан бөгөөд нэг давхарт “Well mart“ худалдааны төвийн супермаркет, Мобикомын цэг, эмийн сан, Капитал банк үйл ажиллагаа явуулж байсан бол гурван давхарт үйлчилгээний зориулалттай 2-3 оффис байсан байна. Харин галд бүрэн автсан хоёр давхарт ахуйн хэрэглээ болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнтэй 40 гаруй түрээслэгчийн лангуу байсан бөгөөд шатамхай бодис их байсан тул галын тархац хурдассан хэмээн албаныхан үзэж буй аж.

Одоогийн галын шалтгаан болон хохирлын хэмжээг тодруулахаар БЗД-ийн Цагдаагийн III хэлтэс хэргийн газар үзлэг явуулж байгаа юм байна.

Эх сурвалж: unuudur.mn

scroll to top