Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.                                                                            
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй,  цас орохгүй. Салхи говь, зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Нийслэлийн Налайх дүүрийн 3 дугаар хороо, 57 дугаар уклон, иргэн Б-н уурхайд нуралт болж уурхайн гүнд ажиллаж байсан 4 иргэн дарагдчихлаа гэсэн дуудлагыг 2017.02.07-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 122 метр урт тунелийн мухраас иргэн Г /31 настай, эрэгтэй/, О /26 настай, эрэгтэй/, Г /32 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, анхны тусламж үзүүлэн уурхайн удирдлагад;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 18А гудамжийн 18 тоотод жорлонгийн нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 2017.02.07-ний өдрийн 15:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газарын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /74 настай, эрэгтэй/-д анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Аманшанд багийн “Бор хоолой” гэдэг газар малчин Д-н 100 хонинд малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.02.06-ны өдрийн 17-375 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсоныг сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Давааны-Ар” гэдэг газар малчин С.Бат-Очирын 10 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.16-ны өдрийн 1737 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх  сумын Бумбат багийн “Зүлэгт” гэдэг газар малчин Д-н 17, “Шар хад” гэдэг газар малчин С-н 62, “Дэрсний-Эрүү” гэдэг газар малчин Ш-н 27, нийт 106 хонь 2017.01.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.07 -ний өдрийн 154 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсоныг сумын Засаг даргын захирамжаар цуцлагдсан.

4.Объектын гал түймэр

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Булгийн 3 дугаар гудамжийн 23 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.07-ны өдрийн 17:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Б /1,9 настай, эмэгтэй/-ийн 2 хөлний шагайны хэсэг түйлэгдсэнийг НТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн  21 дүгээр гудамжийн 3/Б тоотод иргэн А-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.07-ны өдрийн 21:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн нутаг “Таван толгойт” гэдэг газар Зэвсэгт хүчний – дүгээр ангийн ажилчдын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.07-ны өдрийн 13:59 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 албан хаагч;  

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 017-ын 4 дүгээр гудамжинд иргэн Г-н “Мазда-Демо” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.07-ны өдрийн 22:05 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top