Аврагчдад “Энхийн шагнал” гардуулав

20170209_202944-1.jpg

“Дэлхийн энхийн их наадам” ТББ, “Монголын уламжлалын академи”, “Дэлхийн энхтайвны зөвлөл” зэрэг Монгол дахь энхтайвны байгууллага нэгдэн зохион байгуулдаг “Энхийн шагналтан” шагнал гардуулах ёслол зургаа дахь удаагаа боллоо. Энхийн шагналыг Төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулсан, бусдын сайн сайхны төлөөх бодит ажил нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэг эрхэм хүмүүнд олгодог уламжлалтай. Харин өнөө жил ард нийтийн амар амгалангийн төлөө амь бие үл хайрлан зүтгэдэг аврагч нарт энэхүү шагналыг олголоо.

Энэ удаагийн “Энхийн шагналтан“ шалгаруулах комисст Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Доктор профессор, Монгол Улсын гавьяат багш, Пушкины нэрэмжит олон улсын шагналт С.Галсан, МУБИС-ийн багш, доктор, профессор Ж.Гэрэлбадрах, Монгол Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Монгол Улсын СГЗ Д.Цахилгаан, “Бест буйдан“ ХХК-ийн захирал Ч.Батбаяр, “ДЭИН“ ТББ-ын тэргүүн Г.Ганбат нар ажиллажээ.

Энэ жилийн шагналтанг хэрхэн сонгон шалгаруулсан тухай “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын тэргүүн, “Энхийн шагналтан” ёслолын ажиллагааг зохион байгуулах хорооны гишүүн Г.Ганбат “Энх гэхээр хүмүүс дайнтай холбож ойлгодог. Энэ бол дайнаас илүү өргөн хүний нийгмийн хөгжлийг, статусийг тодорхойлж буй ойлголт юм. Тиймээс ч сонгосон мэргэжил, хийж буй ажилдаа эзэн болж чадаж байгаа, нийгмийн хатуу ширүүн байдлыг үл тоон нэр төртэй зүтгэж, хөдөлмөрлөж тухайн салбартаа үнэлэгдэж чадсан эрхэм хүмүүст энэхүү шагналыг олгох зорилгоор  зургаа дахь жилдээ олгож байна. Энэ жилийн шагналыг зөвхөн хувь хүнд биш онцгой байдлын салбарт өгч байгаа юм. Хүний амьдралд тааж хэлэхийн аргагүй  гал усны гашуун зовлон тохиолддог. Энэ бүхэнд нэргүйгээр зүтгэж, гомдол ярилгүй амь насаа үл хайрлан нийгмийн амар амгалангийн төлөө нэр төртэйгээр зүтгэж байгаа хүмүүсийн хичээл зүтгэлийг үнэлэн олгож байгаа шагнал гэж ойлгож болно” хэмээлээ.

Нийгмийн амар амгалангийн төлөөө нэр төртэй зүтгэж, түмэн олноо үлгэрлэн манлайлсны гавьяаг цохон тэмдэглэж тэргүүн дээд нийгмийн зүтгэлтэнээр ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Чулуунбилэгтийн Ганзамыг тодруулан “Энхийн шагналтан”-аар өргөмжилж, “Энхийн  төлөө” цомыг гардуулав. Мөн тэргүүн дэд байранд ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах тусгай салбарын дөрөвдүгээр бүлгийн аврагч Дүнхүүгийн Эрдэнэбатыг тодруулж, “Энхийн шагналтан”-д өргөмжиллөө.

“Энхийн шагналтан”-д олгодог цомыг уран барималч Д.Гантөмөр урласан.  “Энхийн шагнал” хүндэтгэлийн цом нь энх тайван, амар амгалан, эв эеийн бэлэг тэмдэг болсон “Алунгоо эх” дэлхийн бөмбөрцгийг алган дээрээ энхрийлэн тэвэрч байгаагаар бүтээсэн бүтээл ажээ.

Шагналаа гардан авсны дараагаар энхийн шагналтнуудын баярын сэтгэгдлийг хуваалцлаа. Тэргүүн дээд шагналыг хүртсэн аврагч Ч.Ганзам “Нэр төртэй шагналыг хүртсэндээ туйлын баяртай байна. Би 1995 оноос хойш одоог хүртэл Онцгой байдлын албандаа үүрэг гүйцэтгэж байна. Үндсэн үүргээ гүйцэтгэх хугацаандаа 2011 онд Япон улсад болсон цунамигийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлж тус улсад долоо хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэж байлаа. Мөн  2012 онд Энхийг дэмжих ажиллагаанд оролцож Өмнөд судан улсад долоон сар үүрэг гүйцэтгэсэн. Минийхээр энх тайван гэдэг бол эх орон, ард түмний амар тайван байдлыг хэлдэг гэж ойлгодог. Тиймээс ч амар амгалангийн төлөө амь бие үл хайрлан зүтгэж буйдаа талархдаг. Ард түмэн маань энх тунх амьдрах болтугай” хэмээлээ.

Харин тэргүүн дэд шагналыг хүртсэн аврагч Д.Эрдэнэбаттай цөөн хором ярилцсан юм.

-“Энхийн шагналтан” гэх эрхэм шагнал хүртсэн танд баяр хүргэе?

-Нэр хүндтэй шагнал хүлээж аваад сэтгэл их хөдөлж байна. Энэ зөвхөн миний хийсэн ажил биш. Би ганцаараа олон хүний амь аварна гэж байхгүй. Сайн хамт олны хүчээр энэ шагналыг авлаа. Хамт олондоо болон энэхүү арга хэмжээг зохион байгуулсан хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Монголын минь тэнгэрт гамшгийн утаа бүү суунаглаг. Монголын өрх гэр бүл бүхэн элэг бүтэн байж, авралын үр ашид дэлгэрэх болтугай.

-Та Онцгой байдлын албанд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би 1996 онд анх Уул уурхайн аврах ангид орсон. Үүнээс хойш 423 удаагийн ослын дуудлагаар ажиллаж 321 хүний амь насыг хүнд нөхцлөөс аварсан. Эх орныхоо төлөө өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтээ үнэнчээр зүтгэж л явна.

-Таны мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Аливаа осолд нэрвэгдсэн хүнийг уурхай, газрын гүнээс амьд аваад гараад ирэхэд үгээр хэлэхийн аргагүй сайхан сэтгэгдэл төрдөг. Энэ л миний мэргэжлээрээ бахархах, бардамнах зүйл. Би зоригт аврагч эрчүүдтэй хамтран ажиллаж байгаадаа ямагт бахархдаг. Энэ цаг дор эрүүл мэнд амь насаа үл хайрлан мөр зэрэгцэн зүтгэж яваа хамт олондоо их баярлаж байна.  Монгол Улсын тэнгэр цэлмэг байг ээ.

-Ослын дуудлагаар гэр бүлээ орхиод гарах хүнд биз?

-Ослын дуудлагаар ажиллахад бүгд л хүнд хэцүү. Агааргүй, утаатай, химийн хорт бодистой уурхайн гүнд аврах ажиллагаа явуулах их хүнд.  Аврах ажиллагаа бүгд л эрсдэлтэй. Гэвч би ажилдаа дуртай. Би хүн аварвал нэг ч гэсэн айл элэг бүтэн үлдэнэ шүү дээ.

-Таныхаар энх тайван гэж юу вэ?

-Би хүүхэд байхдаа энх тайвны сэдэвтэй зургийн уралдаанд оролцдог байлаа. Сая арга хэмжээний үеэр гар зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдийг шагнахад миний бага нас бодогдож сэтгэл их хөөрч байлаа шүү. Энх тайвны төлөө  миний хийж чадах зүйл бол өөрийн ажил үйлсдээ үнэнч байж нэг ч гэсэн хүний алтан амийг аварч гэр бүлд нь аз жаргал бэлэглэх л миний энх тайванд оруулж буй хувь нэмэр юм даа.

Дашрамд сонирхуулахад, “Энхийн шагналтан” ёслолын арга хэмжээг 2011 оноос зохион байгуулж эхэлсэн байна. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, боловсрол зэрэг бүхий л салбараас “Энхийн шагналтан”-г шалгаруулж иржээ.

  • 2011 онд дипломатич, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан,
  • 2012 онд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн
  • 2013 онд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  • 2014 онд “Нарны хүүхдүүд” асрамжийн газрыг үүсгэн байгуулагч, Гавьяат багш С.Эрдэнэчулуун
  • 2015 онд Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар нарт тус тус шагналыг олгож байжээ.

shuud.mn

 

scroll to top