Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 7-12 градус, Увс нуурын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр 2-7 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаанбайна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. өдөртөө 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд Хангайн уулсаар, 16-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 16-17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Шар сэхээ багийн “Хуст” гэдэг газар иргэн Г /16 настай, эмэгтэй/ 2017.03.12-ны өдрийн 11:30 цагт гэрээсээ сургуулийн дотуур байр орохоор гараад сураггүй болсон тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 02:10 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын орлогч дарга А.Серикбергенээр ахлуулсан мэргэжлийн ангийн 15 хүн, орон нутгийн 12 иргэн, оюутан 5 хүүхэд, нийт 32 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг 3 чиглэлээр зохион байгуулж 14:33 цагт тус сумын “Нуурын зуслан” гэдэг газарт иргэн Ж-гийн гэрт эсэн мэнд байсныг олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багт байрлах сургуулийн дотуур байранд байрлаж байсан сурагч С /10 настай, эрэгтэй/ 2017.03.13-ны өдрийн 18:30 цагт сургуулийн дотуур байрнаасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 05:50 цагт хүлээн авч тус сумаас 27 иргэн, ар гэрээс 5 иргэн, нийт 31 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг 03.13-ны 19:00 цагаас эхлэн зохион байгуулж байна.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-87 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.13-ны өдрийн 15:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ноосны үйлдвэрийн хажууд автомашины тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.13-ны өдрийн 22:52 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, төмөр замын Хонхор өртөөний баруун талын автозамын зорчих хэсэгт зам тээврийн осол болж суудлын автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.03.13-ны өдрийн 17:36 цагт хүлээн авч тус нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, “Тоёота Чезер” загварын 58-85 УБК улсын дугаартай, “Ниссан Санни” загварын 86-13 УБЕ улсын дугаартай суудлын автомашинууд мөргөлдсөний улмаас иргэн А /50 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэн өгч, хэргийн газрыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

                                           

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top