Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, Алтай, Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,  17-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говь, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас, 18-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст нойтон цас, хур тунадас орно. Салхи 17-нд Алтайн уулсаар, 18, 19-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн  сургуулийн дотуур байранд байрлаж байсан сурагч С /10 настай, эрэгтэй/ 2017.03.13-ны өдрийн 18:30 цагт дотуур байрнаасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.14-ний өдрийн 05:50 цагт хүлээн авч тус сумаас 27 иргэн, ар гэрээс 5 иргэн, нийт 31 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.03.14-ний өдрийн 11:44 цагт эсэн мэнд олж дотуур байрны багшид хүлээлгэн өгсөн.

Голын мөс цөмөрсөн: Увс аймгийн Улаангом сум Барилгын хороо багийн “Өргөн ширэг” гэдэг газар “Шар харгайн” голд /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ 30-90 УВА, 86-38 УВА улсын дугаартай ЗИЛ130 загварын чиргүүлтэй 2 автомашин, 4 зорчигчтой мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 2016.03.14-ний өдрийн 16:50 хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллан татан гаргаж, аюулгүй газар хүргэсэн.

Аврах ажиллагаа: Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Засаг цагаан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ гар аргаар алт олборлож байсан 2 иргэн чулуунд дарагдсан тухай дуудлагыг 2017.03.14-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр хүрэлцэн очиход, иргэн Б /34 настай, эрэгтэй/, Д /19 настай, эрэгтэй/ нарын цогцсыг орон нутгийн иргэд гаргасан байсныг Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-87 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшин, үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.14-ний өдрийн 11:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хонхор багийн иргэн Б-гийн “Грийн Хаус” зоогийн газрын авто угаалгын төвийн үүдний амбаарын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.14-ний өдрийн 08:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.15-ны өдрийн 02:42 цагтхүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top