Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр.  Увс нуурын  хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар,18-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 19,20-нд  баруун, төв, говийн нутгийн зарим газраар нойтон цас, хур тунадас орно. Салхи 18-20-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэ” цогцолбор сургуулийн дотуур байранд байрлаж байсан Б /10 настай, эрэгтэй/, мөн Эрдэнэтолгой багийн оршин суугч Н /7 настай, эрэгтэй/ нар 2017.03.15-ны өдрийн 13:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.15-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 албан хаагч, цагдаагийн байгууллагын 4 албан хаагч, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, уурхайн гүнд ажиллаж байсан 2 хүн дарагдсан тухай дуудлагыг 2017.03.15-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг нурангид дарагдсан байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн сумын Баян-Айраг багийн “Улигт” гэдэг газар малчин Н-ийн 87 хонинд 2017.03.09-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-549 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.03.07-ны өдрийн 17-87 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Их-Уул сумын Шивээ багийн  “Ховолж” гэдэг газар иргэн Г-гийн 1 адуу 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 17-94 дүгээр  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн 2 нохой 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.15-ны өдрийн 15:29 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн “Олон довын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 11 км-т/ малчин Д-гийн малын саравч шатаж байна гэсэн  дуудлагыг 2017.03.15-ны өдрийн 07:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top