Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с. Өдөртөө 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 22, 23-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт Г /15 настай, эрэгтэй/ 2017.03.20-ны өдрийн 02:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.20-ны өдрийг 07:05 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн  8 иргэн иргэн, нийт 18 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг аймгийн төвөөс баруун , зүүн 2 чиглэлд Чигэстэй, Богдын голын ай сав газруудаар зохион байгуулан ажиллаж 03.20-ны өдрийн 18:20 цагт тус сумын Жинст багийн “Жавхлант” толгой гэдэг газраас цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Бууцагаан сумын Баянбүрд  багийн “Уулзварын бууц” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжилүүлэхэд 2017.03.18-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв сумын Баян-Айраг багийн “Улигт” гэдэг газар малчин Н-ийн 87 хонинд 2017.03.09-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-549 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн “Жирэм” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь, Г-гийн 3 хонь 2017.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 566 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн  “Ховолж” гэдэг газар иргэн Г-гийн 1 адуу 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 17-94 дүгээр  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Галт сумын Зүрх багийн “Дунд цагааны-Эх” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2017.03.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-97 дугаар  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн 2 нохой 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврай” гэдэг газар малчин О-гийн 4 хонь, 2 ямаа 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.07-ны өдрийн 17-87 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын 11 дүгээр байрны 2 дугаар давхрын 3х4 хэмжээтэй өрөөнд сандал ширээ шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.20-ны өдрийн 13:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 80 иргэнийг гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн авто засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.20-ны өдрийн 15:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.20-ны өдрийн 20:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.20-ны өдрийн 23:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр  тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэргслийн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол  сумын Хараа багийн “124-ийн даваа” гэдэг газар  Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 60-87 ТӨВ улсын дугаартай ачааны автомашин 02-66 ОРО улсын дугаартай “Ариун шар” ХХК-ийн зорчигч тээврийн автобустай мөргөлдөж, ачааны автомашинд зорчиж явсан 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 2017.03.20-ны өдрийн 21:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн иргэн Б /40 настай, эрэгтэй/-г сумын хүн эмнэлэгт, автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан иргэн Б /35 настай, эрэгтэй/-н цогцсыг тус сумын  Замын цагдаагийн хэсгийн байцаагчид тус тус шилжүүлэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top