Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Увс, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Ховд аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, баруун, төв, говийн аймгуудын зарим нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 1-3 градус дулаан байна.

Төлөв байдал:  23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 23-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Завхан аймгийн Баянхайрхан сумаас Нөмрөг сум орохоор 83-48 ЗАА улсын дугаартай, Портер загварын ачааны автомашинтай 2 иргэн 2017.03.20-ны өдрийн 03:00 цагт гараад Нөмрөг сумаас 33 км-т “Агуйтын дөрөлж” гэдэг газар машин цасанд суусан тул иргэн Х /62 настай, эрэгтэй/ татах машин олохоор тус сумруу яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.21-ний өдрийн 14:15 цагт хүлээн авч тус сумаас 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг 2 чиглэлээр зохион байгуулж 21:15 цагт сумын төвөөс 15 км-т “Сант толгойн-Ар” гэдэг газраас осгож нас барсан байдалтай байсныг олж цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн “Ямаан-Ус” гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 26 км-т/ өвөлжиж байгаа малчин Ц /57 настай, эмэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 14:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.21-ний өдрийн 21:45 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын орлогч даргаар ахлуулсан 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг 2 чиглэлээр зохион байгуулж байна.

Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас /сумаас баруун урд зүгт 40 км-т/ иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар 2017.03.21-ний өдрийн 08:00 цагт мал тууж авчирахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.21-ний өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 10 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 40 км-т/ иргэн Я-гийн 10-15 насны 3 хүүхэд 2017.03.21-ний өдрийн 22:30 цагт малтайгаа шуурганд уруудаж төөрсөн тухай дуудлагыг 2017.03.21-ний өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн “Буга-Уул” гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 20 км-т/ хаваржиж байгаа малчин С /34 настай, эмэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 21:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.21-ний өдрийн 22:18 цагт хүлээн авч тус аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газраас 4 хүн, сумын эмч 1, нийт 5 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2017.03.22-ны өдрийн 00:50 цагт гэрээс нь хойд зүгт 5 км-т Буурал багийн Цахир гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо багийн “Орломт толгой” гэдэг газар /сумаас зүүн урд зүгт 58 км-т/ иргэн З /25 настай, эмэгтэй/ амаржих гэж байна гэсэн дуудлагаар 2017.03.21-ний өдрийн 14:40 цагт гарсан сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нар Трайл загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус сумаас их эмчээр ахлуулсан 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Хаш” гэдэг газар оршин суугч иргэн С /50 настай, эрэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 19:00 цагийн үед Хаш багаас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 02:10 цагт хүлээн авч тус сумын Засаг даргаар ахлуулсан 8 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Ус, цас, шаварт саатсан: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар /сумаас 50 км-т/ иргэн Л-ийн 42-46 УВХ улсын дугаартай /1 зорчигчтой/ “Ланд-100” загварын суудлын автомашин, иргэн О-гийн 49-65 УВХ улсын дугаартай /14 зорчигчтой/ “Истана” загварын микроавтобус, иргэн Б-гийн 51-74 УВА улсын дугаартай /9 зорчигчтой/ “Пажеро” загварын суудлын автомашин, иргэн Ч-гийн 51-74 УВА улсын дугаартай /10 зорчигчтой/ “Пажеро” загварын суудлын автомашинууд  цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.21-ний өдрийн 22:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж том хүн 25, хүүхэд 9, нийт 34 иргэнийг аварч, автомашинуудыг цаснаас татан гаргаж аймаг руу буцааж аюулгүй болгосон.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Бууцагаан сумын Баянбүрд  багийн “Уулзварын бууц” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжилүүлэхэд 2017.03.18-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв сумын Баян-Айраг багийн “Улигт” гэдэг газар малчин Н-ийн 87 хонинд 2017.03.09-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-549 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн “Жирэм” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь, Г-гийн 3 хонь 2017.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 566 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн  “Ховолж” гэдэг газар иргэн Г-гийн 1 адуу 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 17-94 дүгээр  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Галт сумын Зүрх багийн “Дунд цагааны-Эх” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2017.03.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-97 дугаар  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Галт сумын Зүрх багийн “Саглагар” гэдэг газар малчин Ц-гийн үхэрт малын халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.07-ны өдрийн 17-87 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн 2 нохой 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврай” гэдэг газар малчин О-гийн 4 хонь, 2 ямаа 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Тээлийн боом” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансрын явган хүний нүхэн гарцны урд талд автомашины зорчих хэсэгт автобус шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.21-ний өдрийн 09:43 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.21-ний өдрийн 16:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.21-ний өдрийн 18:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.21-ний өдрийн 21:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.21-ний өдрийн 23:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.22-ны өдрийн 03:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Баян-Өлгий аймгийн Өлгий сум /сумаас баруун зүгт 12 км-т/ “Ногоон баг” гэдэг газар 80-73 БӨТ улсын дугаартай УАЗ-469 загварын суудлын автомашин онхолдож замын хажуу руу унасан тухай дуудлагыг 2017.03.21-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн З /29 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж гэмтсэн байсныг гарган авч аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top