Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар  баруун хойноос 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, говь, талын нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. Зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 4,7-нд зарим газраар 12-14 м/с, 5,6-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, ЗХ-ний 256 дугаар ангийн 15 албан хаагч, Цагдаагийн газрын 4 албан хаагч, 1 эрэлч нохой, орон нутгийн 18 иргэн, нийт 48 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.02-ны өдрийн байдлаар Арвайн тал багийн “Хараацай хайрхан” гэдэг газар 9 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

Ус, цас, шаварт саатсан: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Тарвагтай багийн “Улаан бургасны гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ Бааст голын  мөсөнд иргэн Б-гийн улсын дугаар аваагүй “Ланд крузер 78” загварын 1 зорчигчтой, суудлын автомашин цөмөрсөн тухай дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашиныг голоос татан гаргаж аюулгүй болгосон.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын “Номин” худалдааны төвийн өргөтгөлийн хэсэгт тааз нурж хүн дарагдсан тухай дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 11:36 цагт хүлээн авч НОБГ-ын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Спорт барааны хэсэгт 10х15 хэмжээтэй дүүжин тааз нурж 4 иргэн хөнгөн гэмтсэн байсныг НЯТТ-ийн эмч нарт хүлээлгэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Рашаан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.03.31-ний өдрийн 16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 52 хүн,  5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.02-ны өдрийн 11:10 цагт түймрийг бүрэн унтрааж, БОХУБ-д хүлээлгэн өгсөн. Түймэрт 900 орчим га талбай өртсөн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Гэр чулуу” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 11 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 28 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийг 2017.04.02-ны өдрийн 17:20 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт 9 орчим га талбай өртсөн.

Дорнод аймгийн Халх-гол сумын Ялалт багийн “Хөх өндрийн овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 14:30 цагт хүлээн авч тус сумын Нөмрөгийн дархан цаазат газрын Байгаль хамгаалагчаар ахлуулсан 20 хүн, ХЦ-ийн 198 дугаар ангийн 24 албан хаагч, нийт 44 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийг 2017.04.02-ны өдрийн 19:16 цагт бүрэн унтрааж тус багийн засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэрт өртсөн талбайн хэмжээ одоогоор тодорхойгүй байна.

Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын уул багийн “Арцат” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 23 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус сумын Тариалан эрхлэх сангийн даргаар ахлуулсан 40 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийг 2017.04.02-ны өдрийн 21:20 цагт цурманд оруулаад манаж хоносон. Түймэрт өртсөн талбайн хэмжээ одоогоор тодорхойгүй байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Хүн овоо”  гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах албарын 19 албан хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 42 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, түймрийг 2017.04.02-ны өдрийн 21:20 цагт цурманд оруулж, 2017.04.03-ны өдрийн 06:30 цагт бүрэн унтраасан. Түймэрт өртсөн талбайн хэмжээ одоогоор тодорхойгүй байна.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 16:09 цагт хүлээн авч тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Бохир ус цэвэрлэх байгууламж шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 19:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан. Уг гал түймрийн үеэр манаач С /69 настай, эрэгтэй/ өвчний улмаас нас барсан тул дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 12:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Дөмбөний сайхан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Ар зүрх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.02-ны өдрийн 10:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top