Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал маргааш эхэлнэ

LED-undsen-banner.jpg

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” маргааш эхэлнэ.

Азийн түншлэлийн хурлын нээлтийн ажиллагаа маргааш “Туушин” зочид буудалд 14:00 цагаас эхлэх бөгөөд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам улс болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ болон Олон Улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 70 гаруй төлөөлөгч оролцох юм.

2018 онд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран зохион байгуулах бөгөөд энэхүү хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Гамшгийн эрсдэлийг олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ыг ийнхүү зохион байгуулж байна.  

Азийн түншлэлийн хурал  нь 2016 онд БНЭУ-ын Шинэ Дели хотноо болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал”-аас хойш зохион байгуулагдаж буй анхны бүс нутгийн хэмжээний хурал  болж байгаагаараа онцлог юм.

Азийн түншлэлийн хурлын зорилго нь Азийн бүс нутгийн төлөвлөгөө, оролцогч талуудын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн платформын үеэр батлагдах улс орнуудын Засгийн газар, бусад оролцогч талуудын төлөвлөгөөг эцсийн байдлаар хүлээн авч хянах, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг 2018 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцох, улс орнуудын гамшгийн эрсдэлийн менежментийн үнэлгээний явцыг хянах, бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, шинэчлэлт, туршлагын талаар мэдээлэл солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top