Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар  хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 1 градус дулаанаас 4 градус хүйтэн,  Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 7-нд  говь тал хээрийн нутгаар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 1-6 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 7, 10-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал багийн “Усчны хоолой” гэдэг газар иргэн Д /42 настай, эмэгтэй/ 2017.03.22-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.03.23-ны өдрийн 10:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, ЗХ-ний 256 дугаар ангийн 15 албан хаагч, Цагдаагийн газрын 4 албан хаагч, 1 эрэлч нохой, орон нутгийн 25 иргэн, нийт 55 хүн, 9 техник хэрэгсэлтэй, 5 морьтой ажиллаж, 04.05-ны өдрийн байдлаар Арвайн тал багийн “Хараацай хайрхан” уулын өврөөс 65 км газрыг явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Буянт гол” гэдэг газар /сумын төвөөс хойд  зүгт 60 км/ иргэн Б /27 настай, эрэгтэй/ 2017.04.02-ны өдрийн 10:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.04.03-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Булган аймгийн Тэшиг сумаас 14 хүн, нийт 21 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.05-ны өдрийн байдлаар Буянт голын ар талын Мөст уул, Буянт голын 2 талын бургас болон Буянт голоос 2 км-ийн зайтай Хүүшийн ам гэдэг газраар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Аврах ажиллагаа: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Бумбан арал”-ын зүүн талд /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ малчин Г-гийн гэр, мал шар усны үерт автсан гэсэн дуудлагыг 2017.04.05-ны өдрийн 17:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус айлыг нүүлгэн шилжүүлж, 4 иргэнийг аюулгүй газарт хүргэсэн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн “Төгрөг” гэдэг газар малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-690 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Гүнгэрваа” гэдэг газар малчин А-гийн 7 үхэр, мөн багийн “Өрнө дэрс” гэдэг газар малчин Э-гийн суурьт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.04-ний өдрийн 17-693 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багийн “Дэлгэр-Өлзийт” гэдэг газар малчин Б-гийн 5 үхэр 2017.03.31-ний өдөр мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул. дээж авч, УМЭАЦТЛд шинжлүүлэхэд 04.03-ны өдрийн 17-682 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь; 

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн “Бор-Овоо” гэдэг газар малчин С-ийн 1 тэмээ 2017.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын аманд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.05-ны өдрийн 10:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Баянзүрх дүүргийн 20 дугаар  хороо, Гачууртын шар хоолой, Ёлтын аманд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.05-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын элтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Налайх дүүргийн 3 дугаар хороо, Их уурхайн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.05-ны өдрийн 13:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.05-ны өдрийн 13:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 400 орчим боодолтой өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.05-ны өдрийн 16:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.04.06-ны өдрийн  02:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top