Гамшгаас хамгаалах нэг долларын үнэ цэнийг хэлэлцэв

DSC_0557.jpg

Дэлхий нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох үйл ажиллагаанд зарцуулсан нэг доллар гамшиг гарсны дараах сэргээн босголтод зарцуулах долоон доллартай тэнцдэг жишигтэй. Энэ нь гамшгаас хамгаалах нь ямар их ач холбогдолтойг харуулсан тооцоолол юм. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд үер, газар хөдлөлтийн гамшиг болох эрсдэл нүүрлэснийг бодит үйл явдлууд, олон тооны судалгаа харуулж байна. Дэлхий дахинд ч тэр. Тиймээс дэлхийн улс орнууд нэгдэж аливаа гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд нэгдэн бүс нутгийн хэмжээнд оновчтой бодлогуудыг хэрэгжүүлж иржээ. Үүний нэг бол Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал юм.

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурлыг Улаанбаатар хотноо өчигдөр зохион байгууллаа. Хуралд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам улс болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс 70 гаруй төлөөлөгч оролцов.

Монгол Улс ирэх жил гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг эх орондоо зохион байгуулна. Уг хурлын бэлтгэл ажлын хүрээнд энэ удаагийн түншлэлийн хурлыг зохион байгуулж байгаа юм. Гамшгийн эрсдэлээс хамгаалах Азийн бүс нутгийн томоохон хурлууд Монгол Улсад зохион байгуулагдах нь олон талын ач холбогдолтойг хуралд оролцсон Монголын талынхан онцолж байв. Тухайлбал, гамшгийн эрсдэлээс хамгаалах хөрөнгө оруулалтыг олон улсаас татах боломжтой юм.

Ирэх жил болох хурлын бэлтгэл ажлын хүрээнд түншлэлийн хуралд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч ноён Р.Глассер ирсэн байв.

Ноён Р.Глассер “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн сангийн бага хурлын гол зорилго нь Монгол Улсын Засгийн газраас 2018 оны долдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлыг хангах хурал юм. Энэ хурлыг НҮБ-ын гишүүн орнууд өөрийнхөө улс орны гамшгийн эрсдэлийг бууруулах тодорхой хувь нэмрээ оруулна гэсэн амлалтаа биелүүлэх Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил. Сайд нарын II бага хурлаас Ази Номхон далайн бүс нутгуудаас төрийн тэргүүн бусад холбогдох байгууллагын удирдлага, төрийн бус байгууллага, судалгааны байгууллага зэрэг маш олон байгууллагын төлөөлөл ирээд өөрсдийнхөө улс оронд гамшгийн эрсдэлийг бууруулах баримт бичгийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар, ололт амжилтаа танилцуулж хэлэлцэх томоохон арга хэмжээ юм” гэв. Дашрамд дурдахад, түүнийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзсан юм.

Гамшгийн эрсдэлийг тодорхойлж, бууруулах төлөвлөгөө дэлхий дахинаа өрнөж байгаа энэ үед ч манай улс нэгдэн ажиллаж байгаа. Үүний илрэл бол Гамшгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зарцуулна гэж тусгасан билээ. Энэ шийдвэр гамшгаас хамгаалах том түлхэц болсныг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал онцолсон юм. Тэрээр хурлын талаар ярихдаа “Өнгөрсөн арван жилийн хугацаанд дэлхий нийтээрээ гамшгийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн. Өнгөрсөн жилээс эхлээд гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоо руу шилжсэн. Илүү нарийвчилж байна гэсэн үг. Шилжилтийн дараа өнгөрсөн жил Энэтхэг улсад Азийн гамшгийн асуудал хариуцсан сайд нарын бага хурал хийгээд бүгд Азийн бүс нутагтаа 15 жилийн хугацаанд хэрхэн ажиллах төлөвлөгөөг баталсан. Тэр төлөвлөгөөний дагуу 2018 онд Улаанбаатар хотод сайд нарын II бага хурал болно. Бидний ярилцаж байгаа гол зүйл бол хот суурин газарт том эрсдэл үерийн, газар хөдлөлтийн эрсдэл байна. Тиймээс хот суурин газар руу чиглэсэн үйл ажиллагааг дараагийн хоёр жилд авч хэрэгжүүлье гэсэн өөр өөрсдийн шийдвэрийг гаргаж ирж байна. Дараагийн хоёр жилд Азийн улс орнууд яаж хамтарч юун дээр хөрөнгө оруулалтаа хийх вэ гэдэг дээр ярилцах юм” гэв.

Зууны мэдээ сонин 2017.04.06

Б.Заяа

scroll to top