Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассерийг хүлээн авч уулзлаа.
Ноён Роберт Глассер Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байгаа юм.
Монгол Улс эрс тэс уур амьсгалтай учир гамшгийн эрсдэл тохиолдол магадлал өндөртэй орны нэг. Иймээс ирэх оны долоодугаар сард Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд ихээхэн ач холбогдол өгч бэлтгэлээ хангаж байгааг Ерөнхий сайд хэллээ. Мөн энэ хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг урьж байгаагаа нотоллоо.
Азийн сайд нарын бага хурлаар Монгол Улс өөрийн оронд тулгарч байгаа гамшиг, түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох чиглэлээр хийж байгаа ажил болон холбогдох хууль тогтоомжоо оролцогч орнуудын төлөөлөгчдөд таниулж, туршлагаа хуваалцах, харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж гэж Роберт Глассер үзэж байна.
Бага хурлыг өндөр хэмжээнд зохион байгуулахад талууд бүх хүчин чармайлтаа гаргана гэдэгт санал нэгдэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ